Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Өсөж буй эко зах зээл

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр тус улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэдэг шалтгаанаар Хятадын “Ralls Corp” фирмийн Орегон мужид хийхээр төлөвлөж байсан салхин сэнс барих төслийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл тэлж байна

Олон улсын зах зээлд шингэн сүүний хэрэглээ нэмэгдэж байна. Эрүүл мэндэд тустай гэдэг утгаараа өдөр тутмын тогтмол хэрэглээ болох хандлага цар хүрээгээ улам тэлэх болов. Үүнийг дагаад үйлдвэрлэл, нийлүүлэлт ч өсчээ. Тухайлбал, 2025 он гэхэд дэлхийн нийт сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж 2016 онтой харьцуулахад хамгийн багадаа 25 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь ойролцоогоор 208 тэрбум литрээр өснө гэсэн үг. Нэг хүний жилийн дундаж сүүний хэрэглээ 13 литрээр нэмэгдэх тооцооллыг аль хэдийнэ гаргажээ.

Дэлхийн нийт сүүний 62 хувийг Европын холбоо, АНУ тэргүүтэй орон үйлдвэрлэж байгаа. Тодруулбал, Европийн холбоо дэлхийн нийт савласан шингэн сүүний 18 хувийг бүрдүүлж байна. Дэлхийн сүүний гарцын өсөлтөд хөгжингүй орнуудын оролцоо чухал нөлөөтэй болж эхэллээ. Тэр хэрээр хэрэглээ нэмэгдэхээр байгаа аж. Олон улсын зах зээлд сүүлийн жилүүдэд тослог багатай, нэмэлт тэжээлтэй, амтат сүүний зах зээл огцом өсөх болсон. Харин шингэн сүүний зах зээлийн өсөлт ялимгүй багасаж тогтворжих төлөвт шилжсэн. Хэдий ийм боловч нийт зах зээлийн хамгийн том хэсгийг шингэн сүү эзэлсэн хэвээр байна.

  • Дэлхийн сүүний гарцын өсөлтөд хөгжингүй орнуудын оролцоо чухал нөлөөтэй болж эхэллээ.

  • Импортын шингэн сүүний зах зээлд эзлэх хувь буурч, дотоодын үйлдвэрийн шингэн сүүний нийлүүлэлт өсөж байна.

  • ‘Чингис’ бондоос хөнгөлөлттэй зээлээр саалийн үнээ, тоног төхөөрөмж худалдан авахад сүүлийн гурван жилд 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд ойролцоогоор 10 тэрбумд хүрнэ гэсэн олон улсын шинжээчдийн таамаглал бий. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ цаашид эрс өсөх хандлагатайг харуулж буй үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, 2025 он гэхэд дэлхийн нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 12.5 хувиар өсөх магадлал өндөр байна.

Олон улсын зах зээлд бүх төрлийн малын сүүний үйлдвэрлэл сүүлийн 15 жилийн хугацаанд 1.8-3.3 хувийн өсөлтийг зааж буй. Дэлхийн сүүний үйлдвэрлэлийн тайланд үнээний сүүний үйлдвэрлэлийг бүс нутгаар нь авч үзжээ. Үүнээс харахад, Азийн орнуудын сүүний үйлдвэрлэл Европын орнуудаас дөрвөн нэгжээр илүү байгаа юм.

Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ийнхүү хувьсан өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвөөс холдсонгүй.

Олон улсын зах зээлд шингэн сүүний хэрэглээ нэмэгдэж байна

Олон улсын зах зээлээс гадна дотоодын зах зээлээ тольдож үзэхэд гэмгүй байх. Монгол Улсын сүүний зах зээл 2015 онд долоон хувиар агшиж байсан бол өнгөрсөн онд нэг хувиар өсөв. Харин энэ онд тус зах зээл дахин тэлэх хүлээлттэй байна. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 2009- 2014 оны хооронд жил дунджаар 15 хувиар өсөж байсан удаатай. Тэрчлэн иргэдийн хэрэглээ уламжлалтаас боловсруулж савласан бүтээгдэхүүн рүү шилжиж байна. Энэ нь хэрэглэгчдийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт орох болсонтой холбоотой аж.

Импортын шингэн сүүний зах зээлд эзлэх хувь буурч, дотоодын үйлдвэрийн шингэн сүүний нийлүүлэлт өсөж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй гарч байгаа нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэхэд сайнаар нөлөөлөх үзүүлэлт. Уг зах зээлд “Сүү” болон “АПУ” тэргүүтэй үндэсний компани голлох үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, “Сүү” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 11 жилийн хугацаанд тасралтгүй өсчээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 10.2 хувиар өсөж, 24 тэрбум төгрөгт хүрсэн билээ. Дотоодын сүүний зах зээлийн 24 хувийг бүрдүүлж байгаа “АПУ” компанийн хувьд энэ оны эхний хагас жилд цэвэр борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн. Цэвэр ашиг нь 15.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 63 хувийн өсөлт үзүүлжээ.

Дэлхийн сүүний үйлдвэрлэлийн 2016 оны тайланд Монголдоо сүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч дотоодын компаниудыг нэрлэсэн байна. Мөн сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн болон хагас эрчимжсэн фермүүдийг хотын ойролцоо байгуулах болсныг дурджээ. Үүнээс гадна “Чингис” бондоос хөнгөлөлттэй зээлээр саалийн үнээ, тоног төхөөрөмж худалдан авахад сүүлийн гурван жилд 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн талаар тодотгожээ.

Өнгөрсөн онд импортын зарим барааны гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайлбал, цөцгийн тос, бяслаг, аарц, шингэн сүү, цөцгий, тарагны албан татварыг 5-15 хувь болтол өсгөсөн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлж байгаа. Аяны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь 2025 он хүртэл үргэлжлэх юм. Импортыг орлох төслийн хүрээнд хуурай сүүний 1000 ширхэг тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр төлөвлөсөн. Төв, суурин газар амьдарч буй иргэд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь нэмэгдэх болсон. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах шаардлагатай болсныг тод харуулж байгаа юм.

Б.Баяртогтох

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж