Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНЧУ-ын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт өчигдөр /2017.09.14/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, айлын талаас Чехийн Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарек нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн олон улс, бүс нутгийн байдал, хоёр улсын гадаад бодлогын талаар мэдээлэл солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа талууд илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ