Бурхантай тэрслэгчийн цадиг

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Бурхантай тэрслэгчийн цадиг

Бурхантай тэрслэгчийн цадиг

Энэ удаагийн “Шинэ ном” булангаар “Сартр: Зурагт хөтөч” номын тухай хүргэж байна.


Энэ дэлхий ертөнц дээр хэн л бурхантай гар зөрүүлж, бүр ч болоогүй бурханыг хөнөөж зүрхлэх билээ. Зөвхөн сэтгэгчид, философичид хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн тэрслэгчид л ингэж чадна. Фридрих Ницше “Бурхан үхчихлээ” хэмээн дэлхий даяар зарласнаас жараад жилийн хойно Жан Поль Сартр “Бурхан байхгүй, байлаа ч юу ч өөрчлөгдөхгүй” гэж ёргиосныг бид санаж байгаа. Ямартай ч Ж.П.Сартрын экзистенциалист философийн суурь “бурхан байхгүй” гэсэн үзлээс эхэлж эрх чөлөө, оршихуйн тухай асуудал руу ордог. Түүний хэлэхээр бид бол “эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн, түүнээсээ болоод зовж тарчлан буй амьтас” ажээ.

Бурхантай гар зөрүүлэхээсээ өмнө Сартр хэн байсан нь хойшдынх үзэл баримтлал, хандлагад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Аав нь Сартрыг багад дайнд оролцож яваад хумхай өвчнөөр нөгчиж, өнчирч үлдсэн хүү эхтэйгээ өвөө, эмээ дээрээ очсон нь түүний бурхантай түнжин хагарахын эхлэл болжээ. Гэр бүлийнхнийхээ хэт сүсэгтэй байдал, өвөөгийнхөө аминч, бусдыг эрхшээх дуртай зан авир, хүүхэд насныхаа ганцаардмал, зожиг, гуниглуу мөчүүдийн талаар “Үг” тууждаа тодорхой бичсэн байдаг. Энэ тууж бүхэлдээ Сартрыг яагаад зохиолч болсон талаарх намтарчилсан бүтээл юм даа.

Өвөөгийнх нь протестант шүтлэг Сартрыг ч тойрч гарсангүй. Африкийн Габонд байгуулсан эмнэлэгтээ 15 нас хүртлээ номлогч, эмчээр ажилласан байна. Гэвч өвгийнх нь махруу зан л Сартрыг бурхантай гар зөрүүлэх шийдэлд хүргэсэн хэрэг. Бүтээлүүддээ бурханыг үгүйсгэхээс бус, нааштай зүйл бичсэн нь үгүй. Христийн талаар ганц удаа дурдахдаа ромчуудад цаазлуулсан улс төрийн ухуулагч төдийхнөөр л бичсэн байдаг. Дараа нь тэр Францад ирж Эколь Нормаль Супериор сургуульд уран зохиол, философийн чиглэлээр суралцаж төгсөөд философийн багш болох мөрөөдлөө биелүүлэхийн даваан дээр цэрэгт татагджээ. Хэрэв та ажигласан бол Сартр харааны бэрхшээлтэй, өрөөсөн нүд нь харалган. Гэхдээ л түүнийг хоёр ч удаа цэрэгт татсан нь франц орон дайны хүнд жилүүдэд цэргийн насны эрсээр үнэхээр гачигдаж байсны гэрч биз.

Намтрыг нь сөхвөөс зөрчлөөр дүүрэн амьдрал нь л түүнийг суут сэтгэгч болгосон юм шиг санагдах вий. Сорбоннд багшлах эрхийн шалгалт өгч яваад танилцсан бүсгүй нь хожмын үзэл санааных нь тулах цэг Симон дэ Бовуар байжээ. Албан ёсоор гэрлээгүй, хүүхэд төрүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрч, мэс засал хийлгэсэн ч тэд насан туршдаа хамт амьдарсан гэдэг. Нэгнийхээ бусадтай үүсгэсэн харилцааг жирийн явдал мэт хүлээн авч, номондоо онцгой хайр, болзолт хайр хэмээн зааглан тодорхойлсон нь ч бий. Сартрын үзэл хандлага Бовуарын феминист философийн суурь болсон бол мань хүн Бовуарын феминизмийн талаар ердөө ганцхан удаа дурдсан нь эмэгтэйчүүдийг үл ойшоох эр араншингийнх нь илрэл гэлтэй.

Ж.П.Сартрын экзистенциализмын тухай эргэцүүлэмж “Оршихуй ямагт мөн чанарын эхэнд байдаг” гэсэн алдарт эшлэлээр эхэлдэг. Суут ухаантан, адгийн амьтан, ижил хүйстэн, хүчирхийлэгч, шашны хуварга байхаасаа ч өмнө бид оршин байдаг. Тиймээс өөрийгөө хэн болгохыг хүснэ тийм байх эрх чөлөө бий гэсэн санааг Сартр гаргаж иржээ. Эд зүйлс, амьд биесээс зөвхөн хүнд л оршихуйгаа тодорхойлох боломж бий. Чингээд тэрбээр “Огиудас” романдаа энэ санаагаа улам тодруулжээ. Романы гол дүр Рокантены дотор муухайрч, бүх зүйл бөөлжис цутгам санагдаж эхэлдэг. Сартрын хэлсэнчлэн энэ бол ахуйн дарамтаас үүдсэн огиудас. Бидний үйлийг эцэслэн шүүх бурхан нэгэнт байхгүй учраас бүх зүйл утгаа алдаж, бөөлжис цутгам ахуйн хүнд дараас дор амьдрах болох нь.

Тэрбээр эрх чөлөөний тухай эргэцүүлэлдээ “bad faith” буюу туйлбаргүй үнэмшил гэсэн үгийг оноон хэрэглэжээ. Энэ үг бидний хариуцлагатай сонголтын өмнө очихдоо гаргадаг туйлбаргүй занг илэрхийлнэ. Бид өөрсдөө сонголт хийх эрх чөлөөтэй ч тиймгүй мэт элдэвлэдэг. Тархи гашилгам хэцүү сонголтоос өөрсдөө аль болох зайлсхийн бусдаар түүнийгээ шийдүүлэхийг чармайдаг. Үүнээсээ болоод л эрх чөлөөгүй төрсөн мэтээр гомдоллодог гэж тэр үзсэн юм.

Жан Поль Сартрын талаар ярина гэдэг философи, уран зохиол, гоо зүй, улс төр, түүх, шашин шүтлэг гээд бүхий л зүйлийн талаар ярина гэсэн үг. Мятрашгүй марксист, улс төрийн идэвхтэн байсан гээд намтар түүх нь ч өрнүүн. Уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн ч авахаас татгалзсан цорын ганц зохиолч. Түүнд уран зохиолыг үнэлж цэгнэж буй хөрөнгөтнүүдийн эл хэмжүүр таалагдаагүй гэдэг.

Энэ бүх яриа Сартрын тухай бас “Сартр: Зурагт хөтөч” номын тухай яриа юм. Суут сэтгэгчийн философийн эргэцүүлэл, өрнүүн намтар, хайр дурлал, улс төрийн үзэл санааны тухай цогц мэдээллийг энгийн, ойлгомжтой, товч бөгөөд тодорхой хүүрнэсэн эл номыг зав гарган уншихыг та бүхэнд санал болгоё.

Эх сурвалж: tagtaapublishing.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж