Зүүн хойд Азийн бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал эртнээс улбаатай ч хөрөнгө оруулагчдыг ямагт соронз мэт татдаг нь энэ бүс нутагт дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхол огтлолцдогтой холбоотой. Дэлхийн хүчирхэг гурван эдийн засаг энэхүү бүс нутагт оршдог төдийгүй олон улсын валютын нөөцийн 50 хувь төвлөрч, дэлхийн улс орнуудын ДНБ-ий 45 хувийг Хятад, Япон, Солонгос, ОХУ болон АНУ бүрдүүлдэг. Зүүн Хойд Азийн орнууд нь эрчим хүчний хамгийн том хэрэглэгчид. Бас байгаль орчны бохирдлоор дээгүүрт бичигддэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоёр нь энэ бүсэд байдгаас гадна цөмийн зэвсэгтэй орнууд ч тус бүс нутагт бий. Зүүн Хойд Азийн “эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”-ийн талаар Улаанбаатар хотноо тус бүс нутгийн орны эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцсон бөгөөд Хоёр өдөр үргэлжилж буй эрдэм шинжилгээний хурлын халуун сэдэв нь тус бүс нутгийн тулгамдаж буй асуудлууд байсан юм.
Судлаачид Зүүн хойд Азид жил ирэх тусам улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал гүнзгийрч байгаа нь олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтойг дурьдаж байсан. Нөгөө талаар тус бүс нутаг дах их гүрнүүдийн геополитикийн бодлого ширүүсч, зарим орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх хандлагатай нь нууц биш тул жижиг буурай орнууд ийм нөхцөлд эдийн засгийн аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлага тулгарч байгааг эрдэмтэд хэлж байв. Гэвч тэд бас аюулгүй байдал бол буу, зэвсэгтэй болох биш, харин аюулгүй байдлаа урт хугацаанд тогтвортой хадгалах нь чухал гэдгийг онцолсон.
Бүсийн эдийн засгийн аюулгүй байдалд ямар аюул заналхийлж байна вэ?
Эрдэмтэн судлаачид эдийн засгийн аюулгүй байдалд дараах аюул заналхийлж байна гэж үзсэн.
Эдийн засгийн интеграцчлалаас урган гарч буй асуудлууд (авилга, хар тамхины хууль бус наймаа, дамын наймаа, хууль бус цагаачлал, терроризм, зохиогчийн эрхийн хулгай, ялгаварлан гадуурхлаас улбаатай зөрчил, сөргөлдөөн)
Өндөр хөгжилтэй, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн саарал,
Санхүүгийн хямрал,
Хүнсний хомсдол,
Учир иймээс бүс нутгийн ужиг сөргөлдөөнтэй асуудлууд, тогтворгүй, таагүй нөхцөл байдлыг арилгахын тулд талууд зөвхөн эдийн засгийн асуудлуудаа хөндөж тавих биш, эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтвортой байдал зэрэг аюулгүй байдалтай холбоотой улс төрийн шинжтэй эдийн засгийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдсэн.
Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн ач холбогдол
Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Япон судлалын захирал Юань Чон илтгэлдээ тус бүс нутгийн орнууд бол дэлхийн хамгийн эрчимтэй өсч буй эдийн засагтай орнууд. ДНБ-ий өсөлт, нийт хэмжээ, худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт улам бэхжисээр байна. Тухайлбал, энэ бүс нутаг дэлхийн ДНБ-ий тавны нэг хувийг эзэлж байна. Мөн түүнчлэн бүсийн орнуудын гадаад худалдааны эргэлт дэлхийн улс орнуудын гадаад худалдааны тавны нэг хувийг эзэлдэг.
Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны онцлог шинжүүд
Олон улсын зах зээл болон байгалийн баялгаас ихээхэн хамааралтай
Бүс нутгийн орнуудын хооронд чөлөөт худалдааны зохицуулалт байхгүй
Улс орнуудын хамтын ажиллагаа гүнзгийрч, өрсөлдөөн нэмэгдсэн
Улс төрийн хүчин зүйлсээс шалтгаалдаг
Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй бусад хүчин зүйлс
Даяарчлалыг эсэргүүцэх болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хандлага
АНУ, Брексит
Хүн амын насжилтийн асуудал. Тухайлбал, 2050 он гэхэд Хятадын хүн амын 30 гаруй хувь 60-аас дээш настнууд болно.
Баялгийн тэгш бус хуваарилалт нийгэмд бухимдал, стресс үүсгэнэ. 1% vs 99% үзэгдэл нь хувь хүний орлогын албан татварын бүрдүүлэлтийг сулруулах тул залуу үеийнхэнд ажлын байр ихээр бэлтгэх хэрэгтэй
Эцэст нь экологийн тэнцвэртэй байдлыг хангах нь хамгийн чухал бас эмзэг сэдэв болж байна.
Н.Энхтуяа