Английн хөлбөмбөгт хамгийн их цом авсан, мөн Британиас европын тавцанд хамгийн амжилттай оролцдог Ливэрпүүл баг энэ улиралд хямралаасаа салж чадахгүй л байна. Ялалтаасаа(7) их ялагдал(10) хүлээгээд байгаа улаанууд саяхан клубын домог Кэнни Далглишийг мэнэжэрээрээ томилсон. Шинэ мэнэжэрийн ажил энэ өвлийн солилцооноос сайн тоглогч авахаар эхэлж байгаа. Далглиш Ливэрпүүлийг удирдаад хэдийнээ хоёр хожигдчоод байгаа учраас багийнхаа сул талыг гадарласан гэнэ. Өвлийн солилцоогоор сайн тоглогчид авахад нь багийн эзэд боломжийн мөнгө гаргаж өгөхөө амласан. Тэгвэл эхний солилцоо удахгүй явагдахаар болжээ. Нидерландын Аякс багийн довтлогч Луйс Суарезийн төлөө 18 сая фунт төлөх саналыг Мэрсисайдын баг тавьжээ. Аякс-т тоглох хугацаандаа 154 тоглолтод оролцож 110 гоол оруулсан Уругвай довтлогчийг харин баг нь арай илүү үнэлээд байгаа аж. Амстердаммын баг 21 сая фунт төлвөл тохиролцож болно гэжээ. Аякс өнгөрсөн улиралд 21 сая евро буюу 17,64 сая фунтын санхүүгийн алдагдал хүлээсэн байна. Ямар ч байсан энэ үнийн зөрүүг хоёр баг тохирч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тиймээс Суарез ирэх долоо хоног гэхэд Энфильдэд ирэх боломжтой юм. Мөн Астон Виллагаас Эшлин Яангийг авах хувилбар ч яригдаж байгаа гэнэ. Дээрээс нь зээлээр зүүн жигүүрийн хамгаалагч Стивэн Ворнокийг авах тал дээр ярилцаж байгаа юм байна.
Score studio.