Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл сербүүдийн хувьд хар дарсан зүүд шиг үргэлжилж байна. Энэхүү тэмцээний 2008 оны дэд аварга, дэлхийн спортын сайхан бүсгүйчүүдийн нэг Ана Иванович их зорилго өвөрлөн “Ногоон тив”-д ирсэн. Сүүлийн жилүүдэд унасан нэр хүндээ сэргээж, хоёр дахь “Их дуулга”-аа хүртэхийг мөрөөдөж байв. Гэвч эхний шатанд учирсан ОХУ-ын Екатерина Макаровад дийлдэж, тэмцээнийг орхилоо. Иванович эхний үед 6:3-аар ялж, бүх зүйл хэвийн өрнөж байсан. Гэвч хоёр дахь сетэд 4:6-гаар дийлдлээ. Ингээд шийдвэрлэх гурав дахь үе гарахад аз нь шовойсон орос бүсгүй 10:8-аар илүүрхсэн юм. Ёстой л “Их сансан газар есөн шөнө хоосон” гэдэг болсон. Сербүүдийн хямрал ингээд болчихсон юм биш. Дэлхийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Елена Янкович хоёрын даваанд манай өмнөд хөршийн Пэн Шуайд 6:7 /3/, 3:6-гаар сөхөрчээ. Нанхиад тамирчин чансаанд эрэмбэлэгдээгүй нэгэн тул гэнэтийн тоглолт гэхээс яахав. Түүнчлэн энэ даваанд ОХУ-ын Мариа Кириленко, Алиса Клейбанова зэрэг нөхцөл, бололцоо нь бүрдвэл дээгүүр хүч үзэх магадлалтай теннисчид тахимаа өглөө.
Эрчүүдийн тэмцэл бүсгүйчүү¬дийнхээс арай аядуухан өрнөж байна. Гэхдээ яаж зүгээр байх вэ гэсэн шиг ОХУ-ын “хатуу самар” Николай Давыденко нэгийн даваанд өвдөг шороодсон. Ерөнхийдөө энэ жил Рафаэль Надаль, Рожер Федерер нарыг шигшээ тоглолтод уулзана гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Тэдний замд садаа болох тоглогчдоор уламжлал ёсоор Сербийн Новак Жоковичоос гадна Их Британийн Энди Мюррей, Шведийн Робин Содерлинг нэрлэгдэж байгаа нь оргүй зүйл биш ээ. Оны эхний “Их дуулга” энэ сарын 30-нд өндөрлөх бөгөөд ганцаарчилсан төрлийн аваргууд 2.2 сая австрали доллараар түрийвчээ зузаатгах юм.