Эхний түүх Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдантай холбоотой. Дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир нар Чехословак улсын Прага хотод болох дэлхийн залуучууд, оюутны “Универсиад” анхдугаар их наадамд оролцохоор явсан тул 1947 оны Ардын хувьсгалын 26 жилийн жилийн баяр наадамд зодоглосонгүй. Амтай бүхэн “Энэ жилийн наадам Ж.Цэвээнравдангийнх болно” хэмээн ярьж байлаа. Хөвсгөлийн арслан хийгүй барилдсаар их шөвөгт үлдэж, ам авах боллоо. Гэвч наймын даваанд гэнэт цоорч гарч ирсэн залуу бөх Ш.Батсуурийг амлаад тахимдуулан унаж, нэгэн наадмаа алдсан юм. Ш.Батсуурь тэр жилийн наадамд түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Дараа жил нь Ардын хувьсгалын 27 жилийн ойгоор хоёр арслан их шөвөгт тунахад Ж.Цэвээнравдан Ш.Батсуурьт давхар хамуулж, цолоо ахиулах боломжоо алдсан түүхтэй. Од нь гийсэн Говь-Алтайн залуу хоёр дахиа түрүүлж, аварга цол хүртсэн юм. Харин 1949 оны наадмын наймын даваанд Ш.Батсуурь Ж.Цэвээнравдан арсланг амалж, хий дунгуйлдах мэхээр давсан түүхтэй. Хөвсгөлийн арслан нэг бөхөд амлаад ч, тунаад ч, амлуулаад ч баралгүй гурван жил дараалан өвдөг шороодсон нь энэ.
Удаах түүх 1990-ээд оны хоёр хүчит аваргатай холбоотой. 1985 он, Ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын начин О.Балжинням, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ нарыг хэн ч амалж авсангүй, тунан барилджээ. Тухайн үеийн шилдэг начингуудын нэгд тооцогддог байсан О.Балжииням улсын заан цол мөрөөдөж байсан цаг. Гэвч анхны тунаанд Б.Бат-Эрдэнэ давж, улсын цолтнуудын их гэр бүлд багтан орсон юм. Хойтон нь хоёр залуу начин зургаагийн даваанд бас л тунаж, Б.Бат-Эрдэнэ давсан. Тэрбээр өмнөх жилийн түрүү бөх улсын арслан Б.Ганбаатарыг дунд шөвөгт өвдөглүүлж, улсын зааны болзол хангаж байв. Удаад нь 1987 оны долоогийн даваанд дахин тунахад заан Б.Бат-Эрдэнэ, начин О.Балжиннямыг гурав дахиа илүүрхсэн юм. Энэ хоёр хүчтэн наадмын дэвжээнд нийт долоон удаа таарахад бүгдэд нь Хэнтийн аварга давж байсан түүхтэй.
Сүүлийн түүх хоёр зууны зааг дээр тохиосон. Одоогоос арваад жилийн өмнөх наадмын тавын давааны төгсгөлд ид залуу заан, начин, улсын цол горилж буй аймгийн шилдэг арслангууд хоорондоо таарч, наадамчдыг өндөлзүүлсэн барилдаан гардаг байв. 1998 онд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын залуу заан А.Сүхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Ч.Батзориг нар тунан барилдсан билээ. Ёстой л гал гарсан барилдаан болж, Ч.Батзориг урагш довтолж зоримог үзсэн ч ах цолтон нь илүүрхсэн юм. Үүний дараах хоёр наадмын энэ давааны төгсгөлд А.Сүхбат гурван бөхөөс Ч.Батзоригийг амалж, тус тус хаясан билээ. Гэхдээ “жижиг” аварга эр хүний уужим ухаантай болохоо нотолж, дөрөв дэхээ барилдаагүй. Тэрбээр ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн байр наадмын наймын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, шинээр зааны болзол хангасан Д.Бумбаяр, О.Одгэрэл, Ч.Батзориг нараас ам авах болсон. Давж сурснаараа Ховдын бөхийг амалж болох байсан ч нэгэн үед барилдаж яваа хүчтэнийхээ замд дөрвөн жил дараалан хөндөлсөхийг хүсэлгүй, О.Одгэрэлийг амалж байв.
Эх сурвалж: “Өдрийн шуудан”