Xөрөнгийн биржийг Азийн тэргүүлэх бирж болгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Xөрөнгийн биржийг Азийн тэргүүлэх бирж болгоно

Лондонгийн хөрөнгийн биржийнхэнд Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө боловсруулахаар Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй билээ. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулзав.

Англичуудын монголын сэтгүүлчидтэй уулзах хэвлэлийн бага хуралд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Х.Алтай, зөвлөх С.Даваасамбуу, Төрийн өмчийн хорооны “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг, Лондонгийн хөрөнгийн бирж группын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал, тус группын гүйцэтгэх хорооны гишүүн, түүний охин компани болон “Millenium IT” компанийн захирал Антони Виерсинг орчуулагчийн хамт хүрэлцэн ирсэн байв.

Антони Виерсинг гурван асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлсний эхнийх нь Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны дүнгээр илэрхийлсэн амжилтуудын тухай байлаа. Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн бирж өөр дээрээ 2600 компанийн бүртгэлтэй, эдгээр компанийн зах зээлийн үнэлгээний дүн дэлхийн биржүүдийн гуравт жагсдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн хөрөнгө босгох арвин туршлагатай төдийгүй олон улсын хамгийн их компани өөр дээрээ төвлөрүүлсэн “number one” бирж гэдгээ хэллээ. Мөн хамгийн их уул уурхайн компани бүртгэсэн бирж хэмээн онцлов. Харин түүний хийсэн мэдээллийн хоёр дахь нь Монголын хөрөнгийн биржид хийх техникийн шинэчлэлийн тухай байла. Одоогийн ашиглаж буй техник технологийг “Millenium IT” компанийн сүлжээгээр шинэчлэх гэнэ. Энэ нь дэлхийн 20-иод улс орон ашигладаг гэнэ.

“Millenium IT” компанийн захирал Антони Виерсингийн ярьж буй технологийн дэлхийн бусад улс оронтой холбогдох боломжтой эсэх талаар сэтгүүлчид сонирхоход, Монголын хууль эрх зүйн орчин бусад биржүүдтэй холбогдох шаардлагад нийцэж чадвал боломжтой гэдгийг дэд сайд Ч.Ганхуяг, дэд дарга Х.Алтай нар хариуллаа.

Ноён Антони Виерсингийн мэдээлэх гурав дахь сэдэв Лондонгийн биржийн Монголын төрийн өмчийн хороотой хийж буй гэрээний тухай байлаа. Юутай Монголын хөрөнгийн зах зээлээс маш том боломжийг олж харснаа тэр дахин тэмдэглээд Азийн тэргүүлэх бирж болгох зорилготой гэдгээ хэлэв. Тус гэрээ нь ямар нөхцөлтэй байгаа талаар сэтгүүлчид хамгийн их сонирхож байлаа. Эхний ээлжинд хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан ба удахгүй байгуулах “master service agreement” гэрээгээр тодорхой болох юм. Энэ гэрээнд юу тусгахыг хэлэлцэх шатандаа байгаа тул хэлэх боломжгүй гэдгийг Төрийн өмчийн хорооны “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг хэллээ.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж