УИХ-ын 2004 оны сонгуулиар МАХН (хуучин нэрээр) Ардчилсан нам хоёр тэнцүү суудал авсанаар хуйвалдааны эхлэл тавигдсан. Тухайн үед эвсэж засгийн эрх барихаас өөр зам байгаагүй нь үнэн. Гэхдээ юманд учир бий. Өмнөх дөрвөн жилээсээ улбаатай санаа амилав. 2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж ганцхан намын дарангуйлал дор УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаж байлаа. Тэдгээр он жилүүдэд МАХН улирч одсон 70 жилийнхээ ноёрхлыг эргэн санагалзаж бүх зүйл МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр гэдэг хүний хэмжээлшгүй эрх мэдлээр шийдэгдэж байсан юм. Ингэсээр 2004 онтой золгоход хоёр нам эн тэнцүү суудал авсан нь цаашид хэрхэх вэ гэдэгт асуултын тэмдэг тавьж өгсөн юм.
Сөрөг хүчингүй он жилүүдийн амтыг хүчтэй мэдэрсэн МАХН Ардчилсан намтай эвсэх замаар төрийн эрхийг дахин гартаа авах заль зохиолоо. Эвслээ. Их эвслийн Засгийн газар хэмээх гоё нэрний цаана ямар их хуйвалдаан өрнөж байсан гэж санана. Монголын төр хэмээх амтат бялууг хоёр нам хувааж идэх нь төдхөн МАХН-д таалагдахаа болилоо. Ингээд Ардчилсан намыг Засгийн газраас хөөн гаргаж эрээвэр хураавар нөхдүүдтэй нийлэн дахин Засгийн газар байгуулсанаар мөн л МАХН-ын хязгааргүй хаанчлал эхэлсэн дэг. Хоёр ч Засгийн газар огцорч байж арай гэж 2008 онтой золголоо. Сонгуулийн дүнгээр МАХН олонхи болж Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр байв. Харин сонголтоо хийсэн ард түмэн уурсаж Ху намын цагаан байрыг галдан шатаалаа. Тухайн үед таван хүний амь нас хохирч онц байдал тогтоон улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн. Ард түмэн Ардчилсан намыг ялсан байгаасай гэж хүсч байсан нь тодорхой болов. Ардчилсан намын нэр хүнд өслөө. Цаашид яах вэ. Эндээс улс төрийн ашиг хонжоо хайх уу эсвэл улс орны тайван байдал хэрэгтэй юу гэсэн сонголтыг хийх ёстой байсан. Тийм ээ, тэд сонголтоо хийсэн. Улс орны тайван байдал хэрэгтэй гэсэн халхавчаар улс төрийн ашиг гаргаж чадлаа. Ардчилсан намын төлөө тэмцсэн таван хүний амь нас хохь нь болов. Ардчиллын төлөө урсгасан цус хамтарсан Засгийн газрын өмнө үнэгүйдэв. С.Баяр ард түмэндээ хайртайдаа хамтарсан Засгийн газар байгуулчихаагүй юм. Зөвхөн Ардчилсан намыг дуугүй байлгах гэсэндээ л ийм сонголт хийсэн. Түүнийгээ стандарт бус гэж нэрлэв. Тэр сөрөг хүчингүй хаалттай, диктатуртай нийгмийг хүсч байлаа. Үүнд нь Ардчилсан намын албан тушаалд дуртай новшнууд нэгдэв. Ингээд бүх зүйл МАХН-ын гарт төвлөрч Ардчилсан намынхан шивэгчин боллоо. Тэд энэ ажилдаа дуртай гэж жигтэйхэн. Сэтгэл ханамжийн баталгаа нь ч бүр 120 хувьтай. Таван сайхан сайд Монгол ардын намын даргын тушаалаар ажиллана. Загнуулна. Толгойгоо маажина. Бас айна. Зусрын үгээрээ илж таална. Ажил олгогчтойгоо эвтэйхэн харилцахгүй бол “халагдана” гэж айна. Тэдний зүрх сэтгэлээс ардчилал гэдэг үг аль хэдийнэ арилсан. Юун ардчилал. Наана чинь тэрбум, тэрбумаар тоологдох мөнгөний асуудал яригдаж байхад ядуу монголчуудын төлөө гудамжинд гараад солиорч явах уу. Үгүй шүү. Тэнэг үү тэд. Ардчилал гэж яс юман дээр юу юм бэ. Хоёр чоно, нэг хонь үдийн хоолондоо юу идэхээ хэлэлцэж батлахыг ардчилал гэдэг юм шүү дээ, хүүхдүүд ээ. Тиймээс Ардчилсан Монгол Улс, ардчиллын үнэт зүйл, ардчилсан Үндсэн хууль гэсэн гэгээн төөрөгдлүүдээ толгойноосоо авч хая. Тэд хэрвээ үнэнээ өчиж чаддаг бол яг ингэж хэлнэ. Даанч чадахгүй. Муур савраа нуудаг шиг тэд бодлоо нууна. Харин тэдний балгаас болж ардчилал өдөр ирэх тусам алсарч байгааг л бид мэднэ. Сөрөн хүчингүй найман жил. Бас түүний өмнөх дөрвөн жил. Ирэх сонгуулийн дараа бас л хамтраад хэвтчихэл ардчилсан улсад ажиллаж амьдарч байна гэж хэлээд юүхэв. Сөрөг хүчингүй байна гэдэг хүчирхийлэл рүү урин дууддаг юм байж. Дэлхийн улс орнуудын түүх энэ тэр гэж томруулж яриад яахав. Зүгээр л өнгөрч буй найман жилээс харахад ийм дүгнэлт хийхэд ядаж цөхөх юм алга. Төр засагт хяналт дутагдаад ирэхээр ард түмний хүлээлт хэвлэл мэдээлэл рүү шилждэг юм байна. Хамтраад хамаг юмаа нуугаад байгаа улс төрийн хүчнүүдийн хаалттай хаалгыг нээнэ гэдэг хэвлэлийнхэнд үнэхээр хэцүү юм. Тийм ээ, бидэнд бяр дутаж байна. Дөнгөж 20 -хон жилийн туршлагатай чөлөөт хэвлэл сөрөг хүчингүй нийгэмд яаж хөл дээрээ тэнцэнэ гэдгийг ойлгохгүй байна. Хэвлэл мэдээллийнхэнд тулах цэг алга. Эрх баригчдын булхайг зад татаж өгөөд, үзэл бодлын тэмцэл өрнүүлээд өгөх улстөрч байтугай алга. Өөрөөр хэлбэл бидэнд эх сурвалж байхгүй. Зөвхөн хоорондоо хуйвалдаж төр барьж байгаа засаглалын эрх ашгийг хамгаалсан мэдээлэл байна. Ардын нам болон Ардчилсан намын хэнээс нь ч очоод асуусан нэг ижил тайлбар хэлнэ. Аргагүй ээ, эрх ашиг нь нэг юм чинь. Хаанаас ч ижилхэн мэдээ ирнэ. Тийм ээ, хэтэвч нь нэг юм чинь. Тэгээд одоо яах вэ. Нэгэнт сөрөг хүчин гэж байхгүй, сөрөг эх сурвалж гэж байхгүй юм чинь зөрж дуугараад сөрж бичээд ч хэрэг алга. Тийм байтал бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг болчихож. Хамаг юм хаалттай байгаа нь сэтгүүлчдийн буруу. Амьдрал доройтож байгаа нь сэтгүүлчдийн буруу. Ноёны хүүхэд ноён болж, албан тушаалын наймаа цэцэглэж байгаа нь мөн л сэтгүүлчдийн буруу. Сангийн сайдын өмнөх цаасан дээр эдийн засаг өсч, ДНБ-ий хэмжээ нэмэгдэж байхад монгол хүн ядуу амьдарч байгаа нь сэтгүүлчдийн буруу. Харин үүнд хамтарч хуйвалдаж Засгийн газар байгуулсан хүмүүс буруугүй. Нийгмийн баялгийг зөв хуваарилахгүй байгаа Засгийн газар буруугүй. Монгол ардын намын зарц хийж байгаа Ардчилсан нам буруугүй. Сөрөг мэдээ бүхнийг хааж баруун солгойгүй мөнгө цацаж байгаа хоёр нам бас буруугүй. Тэд ямар ч буруугүй…
Өдгөө Монгол ардын намын гишүүдийн хоорондох хэрүүл, зодоон төрийн хэрэг болон хувирлаа. Монгол ардын намын дайсан Монголын төрийн дайсан болж байна. Ардын намыг эсэргүүцвэл тэр хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох нь. Уржигдархан Намбарын Энхбаярын эсрэг Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарын гарын үсэгтэй мундаг мэдэгдэл бүх сонинд гарав. Тэгэхээр Монголын үе үеийн Засгийн газрууд мөн л Н.Энхбаярыг буруушааж байгаа юм байна гэж ойлголоо. Ерөнхий сайд хүн Монголын эрх ашгийг төлөөлдөг гэж ойлгодог байлаа. Үгүй юм байна. Н.Энхбаярыг намтайгаа л сөргөлдөж байна гэж бодож явсан юм. Үгүй юм байна. Туучий чинь төртэй тэрсэлдэж яваа аж. Монгол ардын нам бол төр юм байна. Бүр Монгол Улс юм байна. Ардчилсан нам бол ердөө л түүний шивэгчин аж. Шивэгчин гэж өөд нь татаад ч яахав. Бараг тайган шахуу. Усанд оруулж, үсийг нь угааж, нүүр царайг нь будаж хормой хотыг нь засч өгдөг тайган л нүдэнд харагдаад болох биш. Ардчиллыг нэртэйгээ хамт булшилж буй Ардчилсан намын новшнууд ханаж цадах болоогүй. Юу ч хамаагүй залгисаар байгаад ходоод нь хоол шингээхээ байж гүйлгээд гаргачихдаг болохоор яаж ч цадах вэ дээ. Ардчиллыг нүдний минь өмнө авчирчихаад харуулж байгаад устгаж буй тэднийг ээ. Ардчиллыг хорлож байгааг чинь сануулж, амтлуулах өдөр ирж л таарна даа.
Зохиогчийн эрх: