Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг орон гэртээ харгалзах хүнгүйгээр орхиж явахгүй байх, үнс нурмаа ил задгай хаях зэрэг галын болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Дашрамд дурьдахад, он гарснаас хойш ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүйтний эрч эрс чангарч байгаатай холбоотойгоор гэр хорооллын айлуудын галлагааг нэмэгдсэн, автомашин, техник хэрэгслээ зориулалтын бус хэрэгслээр асаах зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарч байна. Сүүлийн нэг сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн өмчид 137 удаа, төрийн өмчид 44 удаа гал түймэр гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд гал түймрийн нийт 201 удаагийн дуудлага хүлээн авчээ. Мөн энэ хугацаанд гал түймрийн аюулд нэг том хүн, хоёр хүүхэд амь насаа алдаж, нэг хүн түлэгдсэн байна.