Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Түүнийг сайдаар томилогдоход Э.Бат-Үүл гишүүн “Хамгийн эгзэгтэй албан тушаалд томилогдлоо шүү” гэж захиснаа дурсав. УИХ-ын гишүүний энэхүү захиасыг ойшоогоогүйгээс өдгөө огцрох эсэх дээрээ тулж байна гэсэн дүгнэлтийг цөөнгүй гишүүн хэллээ. Мөн Н.Ганбямба гишүүн нэг сайдыг огцруулах нь зөв үү, Засгийн газарт бүхэлд нь хариуцлага тооцох уу гэсэн асуулт тавьсан. Харин Д.Зоригт сайд “Захиасыг сайн санаж байгаа. Зангилаа салбарыг хариуцаж байгаагийн хувьд Засгийн газрын алдаа, оноо бүр надтай холбоотой. Тийм ч учраас гурван гишүүний тавьсан долоон үндэслэлд хангалттай хариулт хэлж чадна” гэв. Үүнд С.Эрдэнэ гишүүн “Та Оюутолгой компанийг өмөөрч Монголын төрийг хүчгүйдүүлээд сууж байна. Налайхад амиа алдсан 47 иргэний талаар ямар хариулт өгч чадах юм бэ” гэх зэргээр эгдүүцэж байв. Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын УИХ-д мэдүүлсэн долоон үндэслэлээс гишүүд Оюутолгой компанийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэх болон урт нэртэй хуулийн хэрэгжилтэд илүүтэй анхаарал хандуулж байлаа. Тухайлбал, Х.Бадамсүрэн гишүүн “Урт нэртэй хуульд зааснаар хилийн заагийг Засгийн газар тогтоох байсан. Энэ ажлаа яаж хийсэн бэ. Тусгай зөвшөөрлөө хураалгасан компаниудад олгох нөхөн олговрыг ямар эх үүсвэрээс гаргав” гэж асуулаа. Хариуд нь Д.Зоригт сайд “Хууль баталснаас хойш хилийн зааг тогтоох ажлыг өнгөрсөн оны наймдугаар сар хүртэл хийсэн. Кадастрын зураг гартал хууль хэрэгжүүлэх боломж байгаагүй. Нөхөн олговрын талаар судалж байна. Төв банкнаас лиценз барьцаалсан 160 тэрбум төгрөгийн өр байна гэсэн бичиг ирсэн. Үүнд анхаарал хандуулах учиртай” гэлээ. Харин Ц.Даваасүрэн, Э.Бат-Үүл нар хууль батлагдчихаад байхад кадастрын зураг гараагүй гэх шалтгаанаар 192 лиценз олгосон нь хууль бус үйлдэл биш гэж үү гэж дахин тодотгож асуув.

Д.Зоригт сайд хилийн зааг тогтооход амаргүй байснаа учирлаж түүнийг нь Л.Гансүх сайд нотлохыг оролдож байлаа юм. Ийм хариултыг Э.Бат-Үүл гишүүн шалтаг төдий гэж үгүйсгээд хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан бол тухайн үед УИХ-д асуудал оруулж болох байсныг сануулав. Мөн Ц.Даваасүрэн гишүүний “Оюутолгойн ТЭЗҮ-ийг судлах ажлын хэсэгт материал гаргаж өгөхгүй удсан чинь үнэн үү” гэсэн асуулт Д.Зоригт сайд Ц.Батбаяр гишүүний хооронд ширүүхэн маргаан дэгдээв. Д.Зоригт сайд “Зохих бүх хариултыг өгсөн. Харин Төрийн өмчийн хорооноос материал авах зэргээр цаг алдсан тал бий. Мөн Оюутолгой компанийн нууцад хамаарах материалыг аудитын байгууллага л гаргуулах эрхтэй. Тиймээс компанийн нууцтай холбоотой материал гаргах боломж байгаагүй” гэв. Харин Ц.Батбаяр гишүүн “Нэг танхимд суучихаад нэгнийгээ гөрдөөд байгааг ойлгохгүй байна. Миний шаардсан материалыг сайд гаргаж өгөөгүй. Хоёр аудитортой хамтран ажилласан ч Оюутолгой компаниас авах материал өгөөгүй. Монголын төр тэр компанийн өмнө хүчгүйдсэн” гэв. Дээрх хоёр үндэслэлээс гадна эрчим хүчний салбар, утаагүй түлш үйлдвэрлэх тендерийн талаар гишүүд сайдын болон өргөдөл өгсөн гишүүдийн байр суурийг асууж байсан юм. Ц.Даваасүрэн гишүүн “Эрчим хүчний салбарыг мэргэжлийн хүн удирдах амаргүй. Та Монгол Улс бие даасан эрчим хүчний системтэй эсэхэд хариулт өгөөч” гэсэнд сайд “Бие даасан системтэй” гэж хариулаад инээдийг нь хүргэв. Гишүүд Д.Зоригт сайдаас асуулт асуухаас илүү саналаа илэрхийлж байлаа.  З.Энхболд “Д.Зоригтыг огцруулахгүй бол УИХ эвгүй байдалд орно. Хууль биелүүлэхгүй байгаа хүнд хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн бол Ц.Даваасүрэн “Би таны оронд байсан бол өдийд огцорчихсон байсан. Залуу хүн байж хариуцлагатай ажиллах байсан юм” гэлээ. Ц.Шинэбаяр гишүүн бүр Д.Зоригт сайдыг огцруулах арван үндэслэлтэй байгаагаа “ангийнхан“-даа танилцуулав.

Зарим гишүүн Д.Зоригтыг огцруулах талаар хэлэлцэж байгаа нь хамтарсан Засгийн газраас “тоосго сугалж” байгааг онцолж байлаа. Тиймээс Ерөнхий сайдын байр суурийг сонсох санал гишүүдээс гарсан юм. Нэгдсэн чуулганд уригдсан Ерөнхий сайд “Асуудалд шуурхай хандах, харилцаа, цаг хугацааны норм зэрэгт анхаарах зүйл бий. Салбарын ажил бүхэлдээ сайн явж байгааг хэлэх ч хүн байна. Гэхдээ Засгийн газар асуудалд нухацтай хандаж дүгнэлт хийнэ гэдэгтээ санал нэг байна” гэсэн юм. Хамтарсан Засгийн газрын нэг сайдын асуудал хэлэлцэж байхад танхимын сайд нар байхгүй байгаад харамсч байгаагаа Д.Тэрбишдагва гишүүн илэрхийлж байлаа. Ийн Гишүүд Д.Зоригт сайдыг огцруулах өргөдөлд дурдсан долоон асуудлаас хальж Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм. Н.Батбаяр гишүүн “Оюутолгойгоос монголчуудын эзэмших хувь 6-7 хувьд хүртлээ буурчихаад байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж юу нь мэдэгдэхгүй байгаа. Ийм байхад Ардын намынхан Д.Зориг­тыг огцруулахгүй гэснийг ойлгохгүй байна” гэх зэргээр бухимдлаа илэрхийллээ.

Үдшийн 20.08 цагт болсон санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 42 гишүүн сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.  

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж