-Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хууль гарах ёстой гэж бодож байна. Би хууль гэдэг агуулгаар нь үүнийг дэмжиж байгаа. Хэлэлцүүлгийн явцад олон талаас ярих байх. Тэр үед тодорхой заалтууд дээр нь ярина. Ер нь ашиг сонирхол, эрх ашгийн зөрчил гардаг уу гэвэл гардаг. Иймээс хуулиар хатуу зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш манай улсад энэ асуудлыг ёс зүйгээрээ зохицуулаад явах соёл алга байна. Тэгэхээр хуулиа сайн хэлэлцэж, гаргах шаардлагатай.
-Монголд ашиг сонирхлын зөрчилтэй хуулиуд батлагддаг. Улаан цайм нэг хүн эсвэл найз нөхдөд тохируулаад Казиногийн хууль санаачлаад явж байна. Мөн өөрийнхөө компанид зориулсан хууль гаргадаг. Гадаадын ашигт малтмалын компаниудад зориулсан, тэдэнд ашигтай хуулийг бас гаргаж байгаа. Ашиг сонирхлын зөрчил байдаг. Дэлхий даяар ил тод болсон асуудал. Ялангуяа шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс ашиг сонирхлынхоо зөрчлөөс ангид хууль гаргах ёстой. Өөрийнхөө ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөлд ажиллахгүй, санал өгөхгүй байхыг нь хуульчилсан байх ёстой юм. Харин ч Ашиг сонирхлын зөрчилдөөний хууль гарахгүй удлаа. Тиймээс энэхүү хуулийг гарах нь зөв гэж үзэж байгаа. Ашиг сонирхол гэдгээр бүх зүйлийг нэг тогоонд хутгаж болохгүй. Уг хуульд жишээ нь хамаатан садных нь хийж байгаа бизнестэй нь холбоотой, түүнийх нь хүрээнд хамарсан хуулийн төсөлд ажиллаж, санал өгч болохгүй гэсэн заалт орсон байна лээ. Энэ буруу шүү дээ. Манай аав, ээж 11 хүүхэдтэй гээд бодохоор хамаатан садан маань хэдэн зуун хүн болно. Тэгэхээр тэд нарын аль нэг нь ямар нэгэн бизнес эрхэлж байгаа л бол би бүх л зүйлд оролцохгүй болчих юм билээ. Тиймээс яг өөрийнхөө хувийн бизнестэй нь ямар холбоотой байх нь уу гэдгийг нь л анхаарах ёстой. Мөн манай гишүүдийн нэлээд хэд нь “Энержи ресурс” компанийн хувьцаа эзэмшдэг. Жишээ нь эдгээр хүмүүс Тавантолгойн асуудлаар санал өгч болохгүй. Үүнийг л ашиг сонирхлын зөрчил гэж байгаа.
-Манай намын бүлэг мэдээж дэмжиж байгаа. Уг хуулийг ажлын хэсэг хэлэлцэж байгаа учир энэ нь зөв, тэр нь буруу гэж хэлэх боломжгүй байна.
Х.Жекей: НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ХУУЛИЙН НЭГ
-Энэ хууль бол нийгэмд хэрэгтэй хуулиудын нэг. Хэрэгтэй гэдэг нь ашиг сонирхлын хууль гарснаараа төрийн алба хашиж байгаа хүмүүст хууль эрх зүйн хувьд үйл ажиллагаа явуулахад тохиолдож болох хүндрэлүүдээс ангижруулж байгаа юм. Мөн хувийн ашиг сонирхлыг төрийн албыг ариун байх талаас нь хязгаарлаж байгаа. Олон улсын хэмжээнд туршлагаар шалгарсан асуудлыг бид хуульчилаад гаргахад буруутахгүй. Ашиг сонирхлын зөрчилдөөний хууль хэрэв батлагдвал хэрэгжилтийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Төрийн түшээ болбол өмнө нь эрхэлж байсан бизнесээ шилжүүлсэн байх ёстой. Тэгээд УИХ-ын гишүүн л гэсэн статустай үлдэнэ. Тиймээс гишүүн гэсэн статустай үлдэж байгаа хүн төрийн бодлоготой холбоотой ямар ч асуудалд өөрийнхөө бодол, санааг илэрхийлэх ёстой. Хууль гарах цаг нь болсон гэж бодож байна. Эрх зүйт төр өөрөө эрх зүйгээ бэхжүүлэхийн тулд гарч байгаа хуулиудыг тэр энэ гээд эерэг, сөрөг талаас нь ярьж, хуульчлах нь илүүдэхгүй. Учир нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа энэ үед зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж бий. Үүний дотор Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хууль орж байгаа.
-Би үнэндээ эсрэг байр суурьтай байгаа. Энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн ирээд л чуулганд суухгүй гараад явчих юм шиг байна. Ашиг сонирхлын гэдэг дээр нь олон зүйл байгаа. Жишээ нь, би спортын хүн. Спортын салбарт юу ч хийж чадахааргүй болчихож байгаа юм. Гэр бүлийн хүн маань урлагийн хүн. Тэгэхээр урлагийн салбарт дуугарах эрхгүй болж байна. Цаашлаад манай гэр бүл хувийн эмнэлэгтэй. Тиймээс эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын зөрчил гарч байгаа. Ихэнх салбарт ороод ажиллах гэхээр нөхцөл бүрдэж өгөхгүй юм шиг байна. Дээр нь хамаатан садангийн бизнес гээд ирэхээр бүр болохоо байгаад тэднийг юу хийж байгааг нь би мэдэхээргүй болж ирнэ. Монголчуудад энэ хууль нийцэхгүй. Нэг суманд гэхэд л бүгдээрээ л хамаатан садан болчихдог. УИХ-ын гишүүд сайн яривал садан төрөл болчихно. Тиймээс энэ бол аюултай юм болно. Манай намын бүлэг хуралдаад энэ хуулийг хойшлуулж, дэмжихгүй талд нь байгаа. Ашиг сонирхлын зөрчлийг арилгах нь зөв. Хэрэв томоохон цахилгаан станцтай байвал станцтай холбоотой асуудалд өөрөө татгалзах гэсэн зүйл байх хэрэгтэй. Харин хамаатан садны бизнес, ашиг сонирхол гэвэл байж болохгүй.
-Бид УИХ-ын гишүүн болохдоо бизнесийнхээ бүх үйл ажиллагааг хуулиараа зогсоогоод орж ирсэн. Зөв зохицуулалттай гарвал Ашиг сонирхлын зөрчилдөөний хууль хэрэгтэй. Худлаа гарвал худлаа шүү дээ. Энэ хуулийг өргөн барьсных нь дараа зөв гаргахын төлөө ажиллана.
-Энэ хуулийг хэлэлцэх шаардлагатай. Ялангуяа уул уурхайн салбар, Монголын ирээдүйн хөгжил, төмөр зам зэрэг энэ бүх зүйлүүдтэй холбоотой ашиг сонирхол бий болоод байгаа. Тиймээс үүнийг хуулиар нарийн зохицуулж өгөхгүй бол хүн бүр өөрийнхөө ашиг сонирхлын төлөө лоббидох, мэдээлэл гаргах, тендер будилуулж дараа, дараагийнхаа бизнесийг хөгжүүлэх гээд олон асуудал бий.
-Энэ хуулийг зарим хүн ёс зүйн асуудал гэж ойлгоод байх шиг байна. Үнэндээ ийм асуудал биш. Хуулийн гол зорилго нь ард түмний төлөө үйлчлэх ёстой төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд үйлчлүүлэх гэж оролдохыг зогсоох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлд очсон бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд үйлчлэх ёсгүй. Ард түмнийхээ төлөө л үйлчлэх ёстой. Тэгэхээр төрийн эрх мэдлийг өөрийн ашиг сонирхолд үйлчлүүлэх гээд байдаг хандлага түгээмэл байдаг. Тиймээс ардчилсан улс орнууд хамгийн түрүүнд ийм хууль баталдаг юм. Ашиг сонирхлын зөрчлийн тухай асуудлыг хуулиар зохицуулж, төрийн эрх мэдлийг нийт иргэдийн төлөө ашигла гэдгийг тогтоож өгдөг маш чухал хууль. Хуулийг хэлэлцэх явцад ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хэтэрхий өргөн хүрээтэй болгосон ч гэдэг асуудал бас болгоомжлол зарим гишүүнд байсан. Хэтэрхий өргөжүүлнэ гэдэг нь ашиг сонирхлын зөрчлийн хүрээг тогтоохдоо хаа хамаагүй хүмүүсийг тогтоочих вий гэсэн болгоомжлол бий. Хүрээ хязгаарыг зөв тогтоох нь цаашид ярих асуудал гэж бодож байгаа. Түүнээс биш уг хуулийн зорилго цаг үеэ олсон чухал зүйл. Тиймээс энэхүү хүрээ хязгаарыг тогтоохын тулд бусдын туршлагыг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүрээ хязгаараа найз нөхөд гэчихвэл асуудал болоод хувирчихна. Харин ах, дүү гэдэг хүрээг оруулах нь зөв.
-Ашиг сонирхлын зөрчилдөөний хууль заавал гарах шаардлагатай. Энэ хуульд зохицуулахад хэцүү асуудал гарч магадгүй. Үүнийг хэлэлцүүлгийн явцад ярьж болно. Ашиг сонирхлын зөрчил нь албан тушаалаа урвуулж байгаагийн илрэл. Шууд бусаар авлига гэсэн үг. Тиймээс хуулиар зохицуулалт хийх шаардлагатай л гэж үзэж байна.
-Ер нь энэ хуулийг баталж, гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудал нэлээд нийтлэг байгаа шүү дээ. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүсийн өмнө нь эрхэлж байсан бизнестэй нь холбоотой ч юм уу, ямар нэгэн өөр ашиг сонирхлын зөрчил байх юм бол УИХ дээр гэхэд санал хураалтад оролцохгүй байх зохицуулалт хэрэгтэй. Төр тунгалагших, шийдвэр гаргаж байгаа бүх зүйл ил тод байхыг дэмжиж байгаа.
-Сонирхлын зөрчлийн хуулийг гаргах нь зүйтэй. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй болов уу. Учир нь УИХ-д орж ирсэн гишүүдийн ихэнх нь хувийн аж ахуйтай, бизнесийн салбарт ажиллаж байсан хүмүүс л бий. Тэгэхээр өөрийнх нь ашиг сонирхлыг хөндсөн асуудал яривал санал хэлэх, нөлөөлөх, санал хураалтад оролцох нь зохимжгүй. Ийм зүйл болоод ирэхээр л лобби явж эхэлдэг. Би санаж байна. Төмөр замын асуудал гэхэд л тухайн үед хоёр хуваагдчихсан байсан. Тэр бүү хэл бүр өөрийнх нь компанийн асуудлын талаар ярьж байхад өөрөө ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байх жишээтэй. Иймэрхүү эвгүй байдал ажиглагддаг. Хэрэв энэ чигээрээ үргэлжилвэл хэцүү байдалтай болно. Харин үүнийг хааж өгч байгаа нь сайн. Хууль гарсны дараа улам сайжруулах боломж нь гарна. Юун түрүүнд хуулиа гаргах л хэрэгтэй. Энэ хууль зөвхөн удирдах албан тушаалтнуудад л хамааруулах нь зөв.
Зохиогчийн эрх: