Соронзон хэмжүүр бүхий энэхүү галт тэрэг агааргүй вакум хоолойд 1000 км цагийн хурдтай явах аж. Түүнчлэн цагийн хуваарийг нь минутаар тооцох юм. “Супер хурдтай төмөр зам”-аар үйлчлүүлж эхэлснээр Бээжингээс Үхань хүртэл хамгийн багадаа таван цаг зарцуулдаг байсан бол 30 минут л явдаг болно. Бээжингээс Шанхай, Ши Ань ороход ч мөн адил. Энэ нь шинжлэх ухааны уран зөгнөлт үйл явдалтай өгүүллэг шиг санагдаж болох ч хүн төрөлхтөн үүнээс илүү хурдыг цаашид ч хайсаар байх болно гэдгийг Синьхуа агентлаг онцолж байна.
АНУ-ын сансрын хайгуулын технологийн компани болох “SpaceX”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск “Супер хурдтай төмөр зам” хэмээх ойлголтыг 2013 онд гарган ирж, онолын түвшинд ярьсан байна. Ингэхдээ түүнийг 1207 км цагийн хурдтайгаар зорчигч болон ачааг тээвэрлэнэ гэж үзэж байв. Энэ ойлголт бий болсноос хойш дөрвөн жил өнгөрч байгаа бөгөөд АНУ-ын өндөр хурдтай төмөр замын номер нэг компани болох “Hyperloop One” өнгөрсөн тавдугаар сард анх удаа вакуум орчинд “Супер хурдтай төмөр зам”-ын технологийн бүрэн туршилт хийснээ зарласан. Энэ үеэр тус галт тэрэг 111 км цагийн хурдтай явсан байна. Харин долдугаар сард тус компани дахин туршилт хийхэд цагт 310 км хурдалжээ.
Эх сурвалж: CCTV