Арабын ертөнц тунисийн замналаар явах уу

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Арабын ертөнц тунисийн замналаар явах уу

Тунист дундаж давхаргынхан төрийн эргэлт хийлээ. Тэд диктатур тогтсон улс орноо ардчилсан болгохыг хүсчээ. Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнөөс айсан Тунисийн Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али өнгөрсөн бямба гарагт эх орноосоо дүрвэн зайлж, Арабын нэгдсэн Эмират улсад очсон юм. Гэтэл үүнтэй зэрэгцээд эрх баригчидтай нягт сүжирч, ажил төрлөө амжилттай явуулдаг байсан Тунисийн пүүс компаниуд хүнд байдалд орж, цаашлаад эдийн засагт нь бүхэлд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар авчирч магадгүй болжээ.

Тунис гэж ямар улс вэ. Саяхныг хүртэл энэ дэлхийн хамгийн тайван, амар амгалан орнуудын нэг хэмээн нэрлэгдэж байсан. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутагтай. Хойд Африк, Ойрхи Дорнодын газрын тос үйлдвэрлэдэггүй орнууд дундаа хамгийн баянд тооцогддог. Ойролцоогоор 9.9 сая хүн амтай тус улсын нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүн 8000 ам.долларт хүрдэг. Нэг үгээр хэлбэл, дутагдах гачигдах юмгүй сайхан л орон мэт. Тэгвэл Тунист ямар асуудал төрийн эргэлт гаргахад хүчтэй нөлөөлсөн байж болох вэ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Тунист диктатурын дэг­лэм ноёрхож байна. Эх орноосоо дүрвэсэн Ерөнхийлөгч Бен Али Тунисийн засгийн эрхэнд 1987 онд гарсан бөгөөд түүнээс хойш Үндсэн хуулиа өөрчлөн байж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрхээ сунгасаар өдийг хүрчээ. Авлига, хээл хахууль, мөнгө угаах явдал газар авч, төрийн, бүр нарийн яривал, Бен Алигийн гэр бүлээс тус улсын эдийн засаг бүхэлдээ хамаа­рдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Тунисийн автомашины импорт тэр чигээрээ Бен Алигийн гэр бүлийн мэдэлд байдаг аж. Шинэ брэндийн тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирэхийг хүссэн тунисчуудын хувьд Бен Алигийн гэр бүлд их хэмжээний хахууль өгөхөөс нааш юу ч бүтдэггүй гэнэ. Тэд 66 сая ам.доллараар үнэлэгдэх 1.5 тонн алт эзэмшдэг байж. Өмнө нь 2000 онд тус улсын томоохон медиа группийн эзэн Монсеф Чейкроухоу Ерөнхийлөгчийнхөө са­дан төрлийн хүнд өөрийн мэдлийн бүх хувьцааг хүчээр худалдаж, дараа нь шоронд орж байсан жишээ  бий. Тэрбээр суллагдаж, Парист очсоныхоо дараа “Ройтерс” агентлагт саяхан  ярилцлага өгчээ. “Бен Алигийн гэр бүл Тунисийн эдийн засгийн бүх салбарт нөлөөгөө тогтоож, мафийн сүлжээ байгуулжээ” хэмээн М.Чейкроухоу ярьсан байна. Дэл­хийн банкны судалгаагаар, Тунист иймэрхүү байдлаар авлига авах явдал арилбал эдийн засгийн өсөлт нь ганцхан жилийн дотор хоёр дахин нэмэгдэх магадлалтай юм.

Тунис бол чамгүй баян орон гэдгийг дээр дурьдсан. Тус улсад Францын 1350, Италийн 300-400 компани үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна АНУ-ын томоохон корпорациудын салбар ч байдаг аж. Түүнчлэн Европын холбоотой    чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Гэхдээ Тунис дахь гадны компаниудын хувьд Бен Алигийн гэр бүлийнхэнтэй тогтоосон хэлхээ, холбооныхоо ачаар хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Гэтэл одоо төрийн эргэлт гарсан нь тэднийг тун хүнд байдалд оруулж байгаа бололтой. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид Францын компанийн мэдэлд байдаг “Carrefour”, “Monoprix” зэрэг супермаркетуудад халдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь саад учруулсан байна. Францын Ерөнхийлөгч Н.Саркози Бен Алиг удаан хугацаанд дэмжсээр ирсэн. Тиймээс тэмцэгчдийн дээрх үйлдэл Францын Засгийн газрын эсрэг чиглэсэн гэхэд болох юм. Ямартай ч хамгийн сүүлд Бен Али Тунисаас Парисыг зорих гэсэн боловч Францын тал түүнийг хүлээн авахаас татгалзжээ.

Тунисийн Ерөнхийлөгч эх орноосоо дүрвэн зайлсны дараа түүний хамаатнууд болох хэд хэдэн нөлөө бүхий хүнийг баривчлан хорьжээ. Тус улсын Ерөнхий сайд Мухаммед Аль-Ганнуши түр хугацаанд засгийн эрхийг барих болсон тухай Катарын “Аль-Жазира” телевиз мэдээлсэн. Тэрбээр эрх мэдлийг гартаа авсныхаа дараа Тунисийн нөлөө бүхий баячуудыг авлигын хэрэгт холбогдуулан шал­гаж эхэлсэн байна. Тэгвэл харьцангуй тайван амгалан байдаг Тунист яагаад гэнэтхэн эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн тасрахаа болив. Үүнд уламжлалыг баримталдаг улс төрийн нам, хүчнүүд болон үйлдвэрчний эвлэл багагүй үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс гадна “Wikileaks”-ийн нөлөө ч асар их аж. Жулиан Ассанжийн дэлгэн тавьсан баримтууд дунд Тунисийн Ерөнхийлөгч Бен Алид зориулсан хэсгүүд ч байсан юм. Тэрбээр Бен Алийн гэр бүл боловсрол, эрүүл мэндийн салбараас олон сая ам.доллар завшдаг ба ард иргэд нь ажилгүйдэл, ядууралд автаж байгаагийн шалтгаан болсон хэмээн дүгнэсэн юм. Интернэт хэрэглэгчдийн тоогоороо Арабын ертөнцөд тэргүүлдэг Тунист дээрх мэдээлэл гэрлийн хурдаар тархаж, эсэргүүцэгчдийг нэгтгэх гол хүч нь болсон байна. Үүний дүнд өнгөрсөн сарын 17-нд анхны томоохон жагсаал зохион байгуулагдсан нь өдийг хүртэл даамжирсан юм. Бен Алиг албан тушаалаасаа буухаас өмнө Тунист кибер ертөнцийн дайн болж байжээ. Харин тэр дайны гол зэвсэг нь Тунисийн дундаж давхаргынхан юм. Тус улсын эдийн засаг боловсрол эзэмшсэн дундаж давхаргынхнаа бүхэлд нь ажлын байраар хангахуйц том биш. Тийм ч учраас ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр байдаг аж. Тиймээс энгийн иргэд нь тэмцлийн замыг сонгосон нь энэ юм. Энэ бүхэн диктатур ноёрхсон Арабын бусад оронд ч нөлөөлөх бололтой. Катар, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг баян орнуудыг эдийн засгийн хувьд илүү нээлттэй, чөлөөтэй болгох эхний алхам нь Тунисийн хувьсгал хэмээн дүгнэх шинжээч ч цөөнгүй байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж