Гар утас гээч зүйл хэдэн жилийн өмнө тансаг хэрэглээ байсан. Тэгвэл одоо зүгээр л энгийн хэрэглээ болсон байна. Өдөр тутамд уулзаж амждаггүй танилтайгаа, очиж амжихгүй албан байгууллагатай хаанаас ч, хэдийд ч гар утсаар холбогддог. Бид гар утсаар хэрэгцээгээ хангах гэж худалдан авч, ашигласныхаа хэрээр мөнгө төлдөг. Сүүлийн үеийн үүрэн телефоны оператор компаниуд бидний эрэлт хэрэгцээнд үндэслэн олон шинэ үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Жишээ нь “Юнител” компани байна. Шөнийн 00 цагт унтах гээд зүүрмэглэж байтал утас дуугарч мессеж ирлээ. Юу болов, яав ийв гээд уншихаар “Burberry дэлгүүрт шинэ бараа ирлээ” гэнэ. За яахав гээд дахин унтахаар хэвтэхэд дахиад мессеж. “Х дэлгүүрт эмэгтэй гутал хямдарлаа” гээд биччихэж. Уур хүрэх шахаад утсаа тавиад дахин унтахаар хэвтэх гэж байтал дахин мессеж. Харин энэ удаа гадаад явуулах зар. “Юун гадаад явах, яасан ийсэн гадаад вэ. Хэнд хамаатай зарыг хэнд явуулаад байгаа юм бэ” гэж бодогдов шүү. Энэ мэтээр шөнийн 00 цагаас авахуулаад өглөө болтол зургаан мессеж ирвэл яах уу. Энэ гайгүй ээ. Жи-Мобайл компанийн нэмэлт үйлчилгээ бүр супер. Үндэсний хөрөнгө оруулалттай Монгол компани юм даа гэж омогшоод гар утсыг нь худалдаж аван барьсан юм, уг нь. Сүлжээ нь тасалдаад үг солилцоход бэрхтэй шүү дээ. Гэртээ дөрвөн хөллөж байж аав, ээжтэйгээ холбоо барьсан болно. Энэ өвлийн хүйтэнд гадуур явж байхад утас дуугарвал баларна. Хамгийн өндөр гэрэлтүүлгийн шон руу харайлгана. Залгасан хүнд маань миний яриа тасалдаж хүрээд байхаар над руу залгах сонирхолгүй болж эхэлж байна. Заримдаа арван үг хэлснийх нь тавыг нь сонсож амжаад, бусдыг нь ургуулан бодож ойлгоно. Тэгээд сүлжээнийх нь доголдлыг 3636 дугаар руу залгаад хэлэхээр “Та хаана байна вэ” гэнэ. Миний хаана байгааг мэдэж аваад яах юм бол оо тэд. Ийм үйлчилгээ үзүүлчихээд хүнээс мөнгө авна гэхээр инээд ч хүрэх шиг. Ер нь мөнгөөрөө уур, бухимдал л худалдаж авч байна даа, бид. Бусад оператор нь ямархуу нэмэлт үйлчилгээнүүд үзүүлдгийг би яг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бас л дээрх шиг нэмэлт үйлчилгээ байдаг биз.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх: