Хууль батлахын тулд Герман явдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хууль батлахын тулд Герман явдаг болжээ

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд суулгахгүй болсон нь хачирхалтай ажил хаялтыг бий болгов. УИХ-ын байнгын хорооноос цалинждаггүй хэрнээ парламентийн сэтгүүлчид ажил хаяж, хэвлэлүүд хоосон нүүр гаргах болсон нь удирдлагуудынх нь гайхширлыг бараад амжив. Ширүүн тэмцлээр гуйж бус гуядаж асуудлаа шийддэг монголчуудын жишиг ёсоор УИХ-ын гишүүд ч хуулиа 14 хоногийн дотор эргэн харж, өөрчлөлт оруулахаар болоод байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд хачирхалтай бас нэгэн мэдээлэл чих дэлсэв. УИХ-ын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргалын хэлснээр бол манайхан тухайн хуулиа батлахаас өмнө “барууны орнуудаар аялж будаа иддэг” гэнэ. Энэхүү ажлын ачаар ардчилал хөгжсөн ихэнх орны байнгын хороод хаалттай хуралдадгийг мэдэж авчээ. Үүнийг батлан “Би хоёр, гурван жилийн өмнө байнгын хорооны хуралдаан яаж явагддаг талаар туршлага судлах зорилгоор Герман явж үзсэн. Тус улсын байнгын хорооны хуралдаан сэтгүүлчдийг оролцуулдаггүй л юм билээ” гэж УИХ-ын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал хэлэв.

Энэ жишгээр бол хууль тогтоох байгууллагынхан монгол сонгогчдийн эрх ашигт нийцсэн бус гадны иргэд соёрхсон хуулийг хуулбарлагчид гэлтэй болжээ. Өөрчлөлт оруулсан хууль төлөвлөснөөс бага насалсан, дээр нь дахин өөрчлөлт оруулах болсон учраас энэ удаад давчуу хугацаанд шахагдан ойрхон, коммунист дэглэмтэй улсаас туршлага судлах бололтой. Харин хэн туршлага судлах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Дээрх жишээнээс харвал УИХ-ын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал хамгийн өндөр магадлалтай байна.

Ш.Сэрэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж