Хөрөнгийн бирж дээр өчигдөр 164 сая төгрөгийн арилжаа хийжээ. Үүнийг “Гаднаас их хэмжээний мөнгө орж ирсэн нь харагдаж байна” хэмээн брокерууд хэлэх аж. Жишээ нь “АПУ” компанийн хувьцаа өнөөдөр (өчигдөр) арилжаа эхлэхэд 2500 байсан нь 2700 болж, “Шарын гол”-ын хувьцаа гэхэд 11 мянга 500 төгрөгөөс 12 мянган төгрөгт хүрчээ. Арилжааны үеэр брокерууд утсаа авах ч завгүй байдаг юм билээ. Ялангуяа “Сайн байна уу, юм тодруулах гэсэн юм” гэхэд дургүй байгаа нь илт. Өнөөдрийн байдлаар манайд нийт 46 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь манай улсын Хөрөнгийн бирж, брокерийн пүүсүүд иргэдийн дунд нэр хүнд муутай хэвээр байгаа нь үнэн. Тухайлбал, 90-ээд оны дундуур арилжааны банкинд иргэдийн хувьцааны мөнгийг байршуулсан банк нь дампуурснаас болж нэлээд маргаан дэгдээсэн. Үүнээс болж өнөөг хүртэл Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн иргэдийн мөнгийг ганц банкинд итгэж хадгалуулалгүй олон банкинд тараан байршуулдаг болсон юм билээ. Мөн “Анод” банкны хохирогчид брокер, дилерийн компаниудын байранд дайрч орж ирэн “Та нар миний мөнгийг яасан, мөнгөө авмаар байна” хэмээн бухимдах явдал цөөнгүй гарчээ. Уг нь бол брокер, дилерийн компаниуд хүмүүсийн хувьцааг ав гэвэл авч, зар гэвэл зардаг л үүрэгтэй шүү дээ. Ийм байдлаар брокер, дилерийн пүүсүүдийг хүнд байдалд оруулдаг атлаа тэднийг дэмждэг хууль эрхзүйн зохицуулалт манайд даанч дутмаг байна.
Жилийн өмнө Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар санхүүгийн зах зээлд арилжааны банкуудад давуу эрх олгох үйлдэл нүдний өмнө өрнөж эхэлсэн. Брокеруудын үзэж буйгаар уг хуулийн дагуу арилжааны банкууд андрайтер хийж, өөрийн хөрөнгийнхөө 20 хүртэлх хувиар хувьцаа худалдаж авахыг зөвшөөрсөн гэх. Үүний дагуу банкны тухай хуулийг үзэхэд дээрх хуулийн 6.1.9-д үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах эрхтэй хэмээн заажээ. Мөн хуулийн 17.4-т банк худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкнаас гаргасан үнэт цаас хамаарахгүй хэмээсэн байв. Гэтэл Монголд үнэт цаасны зах зээл дөнгөж хөгжиж эхлэх шатандаа явж байхад банкны эрсдэлтэй зах зээлийг үүн дээр нэмнэ гэвэл зүйд нийцэх үү. Бас болоогүй банкуудад брокер диллерийн эрх өгөх талаар ч Санхүүгийн зохицуулах хороогоор яригдаж байгаа гэсэн. Ингэхээр банк бүр ч давуу эрхтэй болно. Нэг ёсондоо олон жил ажилласан туршлагатай брокерууд хөрөнгийн зах зээлд туршлага муутай гэхдээ давуу эрхтэй банктай өрсөлдөнө гэсэн үг.
Банкны зах зээл өнөөдөр манай улсын нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлдэг. Угтаа бол хөрөнгийн зах зээл, Банкны зах зээл аль аль нь тэнцвэртэй байх, нэг нэгнээ нөхөх ёстой байдаг. Ингэснээр аль нэг нь эрсдэлд орвол нэг нь зах зээлээ аваад явчих зарчим үйлчлэх ёстой аж. Тийм байтал манай санхүүгийн салбарынхан банкируудын лоббид хэт өртөж хөрөнгийн зах зээлээ банкинд хумиулах үйлдлийг юу ч бодолгүйгээр хийгээд байгаа нь хачирхалтай.
Зохиогчийн эрх: