Хувьцаа, ”Хүний хөгжил сан” тусдаа зүйл

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хувьцаа, ”Хүний хөгжил сан” тусдаа зүйл

Монголын нүүрс моодонд орж, Тавантолгой “од” болж буй энэ үед УИХ-аас баталсан тогтоол хийгээд Засгийн газрын журмын тухай мэдээ нэг их онцгой содон, шинэ биш болчихсон гэхэд болно. Шалтгаан нь, бүгд ээлж дараалан хүмүүст хүрчихсэн, ерөнхий дүр зургийн мэдээлэл болчихсонд оршино. Харин өчигдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн өрөөнд өрнөсөн ярианд онцгой гэмээр шинэ мэдээллийг хавсаргажээ. Учир начрыг нь ч олоход түвэгтэй гэмээр хувьцааны тухай төсөөллийн сурталчилгаанд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал төдийгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энэбиш нар шууд сүүлчийн хувилбар биш юм гэхэд тоймтой нэгэн тайлбарыг өгсөн юм. Тэд Тавантолгой ордын хувь заяаг шийдэх үндсэн эрхийг гартаа атгаж буй учраас цаашид ч дараах мэдээллийн утга хийгээд баримжаанд дорвитой өөрчлөлт орохгүй л болов уу.

Учир нь, Н.Алтанхуяг сайд Таван­толгойн  баруун Цанхийн  хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэ­рээр сонгон шалгаруулах ажлын хэс­гийн ахлагчаар ажиллаж байгаа. Д.Сугар дарга “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Мэдээж Б.Энэбиш даргын тухайд тус компанийн төрийн өмчит толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын захирал. Түүний хашиж буй албан тушаал зөвхөн Тавантолгойн орд ч бус УИХ-аар тусгайлан баталсан стратегийн ач холбогдол бүхий 15 ордын ирээдүйн бүтээн байгуулалт, төрийн мэдлийн хувь хэмжээг эзэмших үндсэн бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээж байгаа.

Ийн Тавантолгойг тойрсон эрх мэдлийн гурвалжин хэлхээнээс атгагчдын дуулгасан хамгийн таатай зүйл бол “Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компаниас ойролцоогоор 550 орчим ширхэг хувьцаа эзэмших эрхтэй” гэсэн өгүүлбэр байлаа. Уг компанийн нийт хувьцаа нь 15 тэрбум ширхэг. Тэдгээрийн 10 хувийг иргэдэд тараалаа гэхэд 2,7 саяуулаа монголчуудын нэг иргэнд ийм хэмжээний хувьцаа оногдоно гэсэн үг. Түүнчлэн уг компанийн 10 хувийг эзэмших эрхээ нээлгэж, хувьцаа худалдаж авсан үндэсний аж ахуйн нэгжүүд дор бүрнээ 30 мянга орчим хувьцаа эзэмшинэ. Ойролцоогоор дотоодын аж ахуйн нэгжийг 43 мянгад хүрсэн гэж үзвэл шүү дээ. Гэхдээ одоогийн байдлаар “Тухайн компанийн 25-аас дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшдэг бол үндэсний компани гэж үзэх боломжгүй” гэсэн хуулийн заалтын дагуу асуудлыг шийдэх үү, эс бол шууд үндэсний хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшдэг л бол автоматаар Тавантолгой компанийн 10 хувиас хувь хүртээх үү гэдгийг хараахан шийдээгүй байгаа гэнэ билээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалттай гэдэг ангилалд багтдаг 200-300 орчим компанийн хувьд бас л асуудал үүсч мэдэх бололтой. Дээр нь иргэдийн эзэмшлийн хувьцаанаас аж ахуйн нэгжийн эзэмших хувьцааны ялгарах нэг онцлог нь хоёрдагч зах зээл рүү гаргах боломж.Нэг ёсны тухайн компани Монгол Улсын компанийн хуулийн дагуу үндэсний компани ямар байх ёстой вэ гэдэг шалгуурт багтаж, Засгийн газраас гаргах журамд нийцэхүйц үйл ажиллагаа явуулдаг бол өөрсдийн худалдаж авсан хувьцаагаа цааш нь борлуулах эрхтэй аж. Гэхдээ Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргасны дараа үндэсний аж ахуйн нэгжүүд худалдаж авсан хувьцаагаа борлуулах эрхтэй болно. Түүнээс өмнө энэ талаар бодох ч хэрэггүй. Харин хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ гэдэгт одоогийн байдлаар шууд хариулт өгөх боломжгүй гэдгийг дээрх гурван дарга хэлсэн юм. Энэ талаар тоймтой хариулт өгөөгүй ч Д.Сугар даргын тайлбарласнаас үзвэл энэ оны нэгдүгээр улирлын сүүлчээр бүх асуулт тодорхой хариулттай болж, Тавантолгойн эзэмшигчид хувьцаагаа авч, хөрөнгө оруулагчид ажлаа эхлүүлж, оператор компаниуд олборлолтын ажил руугаа эргэлт буцалтгүй орох ажээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс тавьсан “Хүний хөгжлийн сан”-гаас олгож байгаа мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаар нөхөх үү” гэсэн асуултад Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Хувьцаа, “Хүний хөгжил сан” хоёр тусдаа зүйл. “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэд байгалийн баялгаас олж байгаа орлогоос хувь хүртэж байгаа. Энэ 1.5 сая төгрөгийн асуудал ирэх 2012 оноос дуусгавар болно. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компаниас эзэмших хувьцаа бол монголчуудыг насан туршид нь дагалдах орлого ашиг” гэдэг тодорхой хариултыг өгсөн. Түүнчлэн энэ сарын 24-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой”-н ашиглалтын лицензийг эзэмшиж буй баруун Цанхийн ордод ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох бол 27-нд зүүн Цанхийн ордоос нүүрс олборлох оператор компанийн шалгаруулалтыг зарлах ажээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж