Эхний тэмцээн “Хасын хүлгүүд”-ийнх болов

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Эхний тэмцээн “Хасын хүлгүүд”-ийнх болов

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны анхны тэмцээн футзалны залуучуудын УАШТ энэ сарын 17-20-нд Өвөрхангай аймагт боллоо. Арвайхээрийн шинэ спорт ордонд дөрөв хоног үргэлжилсэн тэмцээнд 10 багийн 120 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаар сорин өрсөлдөв. Багууд тав таваараа хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Халуухан тэмцэл дунд өрнөсөн хэсэг бүрээс тус бүр хоёр баг шалгарч, хагас шигшээш бүрдүүлсэн юм. Ингээд цааш хасагдах системээр өрсөлдөхөд Б.Мөнгөнтулга дасгалжуулагчтай “Хасын хүлгүүд” түрүүлж, Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон”, Б.Чин-Оргил  дасгалжуулагчтай “Сэлэнгэ пресс” мөнгө, хүрэл медалийн эзэн болов. УАШТ-ий эхний гурван байрыг сая, 800, 600 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Б. Батмагнай /Хасын хүлгүүд/, “Шилдэг довтлогч”-оор 17 гоол хийсэн Х.Амгалан /Хоромхон/, “Шилдэг тоглогч”-оор Б.Мөнхбаяр /Сэлэнгэ пресс/ нар шалгарлаа. УАШТ-ий бэлгэдлийн шигшээ багт хаалгач: Б.Батмагнай /Хасын Хүлгүүд/, хамгаалагч: Б.Мөнхбаяр /Сэлэнгэ пресс/, Г.Билгүүн /Эрчим/, довтлогчоор Х.Амгалан /Хоромхон/, Г.Батцэнгэл /УБДС/ нар нэрлэгдэв.

Тэмцээний турш 24 тоглолт болж, 322 гоол орсон байна. Энэ үеэр шүүгч нар таван улаан, 59 шар хуудас өгсөн статистик гарчээ. Залуучуудын УАШТ-ий хаалтын ажиллагааны үеэр МХБХ болон “Их талын дуулиан” ТББ-аас Өвөрхангай аймгийн салбар зөвлөлд тус бүр 10 бөмбөг бэлэглэлээ.

Хагас шигшээ тоглолт:

Хасын хүлгүүд -УБДС        / 9:3/   
Хоромхон-Сэлэнгэ пресс    / 8:4 /  

Хүрэл медаль:

УБДС-Сэлэнгэ пресс /9:13/

Алтан медаль:

Хасын хүлгүүд-Хоромхон /10:8/

С.Цэлмэг

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж