Тэнгэрт хөвөн нүүдэг үүлийг ажиглаж байхад янз янзын хэлбэр дүрсийг олж хардаг.
Мамматус үүл. Мамматус гэдэг нэр нь хөх буюу унжмал хүүдий гэсэн утгатай, хүний нүдэнд харагдах түүний гайхалтай сонин дүрст нь тохируулан өгсөн латин нэр ажээ. Доороос нь харахад ийм хэлбэртэй харагдах боловч үнэн хэрэг дээрээ асар зузаан үүлний зөвхөн доод талын дүрс юм. Доороос эгц дээш үлээх хүчтэй салхинд хөөгдсөн үүл ийм хэлбэр дүрсийг олдог байна.
Асператус үүл. Дэлхийн цаг уурын албан ёсны бүртгэлд энэ нэрээр бүртгэгдээгүй боловч албан бусаар ийнхүү нэрлэдэг аж. Хумигдсан, үрчийсэн даавуу гэсэнтэй адил утгатай ажээ. Аз нь таарсан буюу ажигч хүмүүс түүнийг олж хардаг байна. Ийм хэлбэртэй үүлийг далай тэнгисээр аялж яваа хүмүүс амархан олж хардаг.
Салхины аясаар намиран дэрвэж буй даавуу мэт энэ үүл 2000 метрийн өндөрт үүссэн хүчтэй салхины нөлөөгөөр бий болдог байна. Гэвч цаг агаар судлаачид одоо хүртэл энэ үүл чухам юунаас үүсэн гардгийг сайтар нарийвчлан тогтоож чадаагүй байгаа аж.
Ноктилусентус үүл. Шөнийн тэнгэрт энэ тэнд нь гэрэлтэн харагддаг үүлийг шөнийн гэрэлтэгч үүл хэмээн нэрлэсэн байна. Ихэвчлэн хойд туйлын тэнгэрт өглөө үүрээр өнгө өнгөөр ялгаран тодрох ийм үүл харагддаг ажээ. Халуун, хүйтэн агаарын урсгал мөргөлдсөнөөс ийм үзэгдэл гардаг байна.
Ороомог үүл. Ийм үүл Австралийн зарим тодорхой бүс нутагт харагддаг бөгөөд 9, 10 дугаар сард элбэг тохиолддог байна.
Австралийн Burketown хэмээх нэгэн сууринд энэ үүлийг харж болох бөгөөд олон мянган жуулчид ирж сонирхон үздэг ажээ. Нэн ялангуяа дээгүүр нь онгоцоор нисч үзэх нь нэн үзэсгэлэнтэй байдаг аж.
Ороомог үүл газрын гадаргууд маш ойрхон бүрэлдэн бий болж, түүний урт нь заримдаа 1000-аад км үргэлжилдэг байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг