“Анод” банкинд холбогдох хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Монгол банкны Ерөнхийлөгч асан А.Батсүхээс тайлбар мэдүүлэг авчээ. Хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж үзсэн учраас ирэх даваа гаригт нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлэх гэнэ. Одоогоор эл хэрэгт 19 хүнийг сэжигтнээр татан шалгаж буй бөгөөд тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татжээ. Уг банкнаас хувьцаа худалдан авсан болон хадгаламж эзэмшигч нийлсэн 200 гаруй хохирогчтой 120 хуудас хавтаст хэргийн мөрдөн байцаах ажиллагаа он дамжин удааширч хяналтын шатнаас хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.
Н.Түвшин