Бээжин хотноо дэлхийн хамгийн том 5G технологийн туршилтын талбайг байгуулахаар болжээ. Хятадын 5G технологийн багийнхан туршилтын дотоод ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд одоо гаднах ажилд ханцуй шамлан ороод байна. Ийн цэнхэр гаригийн хамгийн том туршилтын талбайг байгуулан, дэлхийн тэргүүлэх цахилгаан холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг туршилтад оролцуулах аж.
Хятадын холбогдох яамдын мэдээлснээр тус улс 5G технологийн судалгааны хоёрдугаар шатыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд “Хуавэй”, “Ericson”, “Нокиа”, “Самсунг” зэрэг аж ахуйн нэгжүүд туршилтад оролцохоо мэдэгдээд буй гэнэ. Түүнчлэн 2018 онд Олон улсын стандартын байгууллага дэлхийн анхны 5G стандартыг бий болгох юм байна. Өдгөө ч Хятад улс 5G технологийн судалгаагаа эрчимжүүлсээр буй бөгөөд 2020 онд хэрэглээнд нэвтрүүлэх аж. Харин 2035 он гэхэд 5G нь 3.5 их наяд америк долларын өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 22 сая ажлын байр бий болгох урьдчилсан тооцоо гарчээ.