Сайд Ц.Нямдорж Вена хотноо айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдорж Вена хотноо айлчлав

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд найрамдах Австри улсын Вена хотод хийж буй айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Вена дахь төвийн ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Ю.Федовтой энэ өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Ц.Нямдорж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хөндсөн дөрвөн чиглэлд, түүний дотор Монгол Улс дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, хүний наймаа, мансууруулах бодисны наймаа зэрэг тус байгууллагын хариуцах хүрээнд хамаарах асуудлуудын нөхцөл байдлыг судлах, үнэлгээ өгөх шинжээчдийн багийг Монгол Улсад хүлээн авах улмаар Монгол Улс, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллах чиглэл, төслүүдийг тодорхойлох Орны хөтөлбөрийг ойрын хугацаанд батлаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг тавив.

Гүйцэтгэх захирал Ю.Федотов шинжээчдийн багийг ойрын хугацаанд илгээхээр ажиллахаа мэдэгдэж, тус байгууллагатай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйд талархал илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд тэд хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран ажиллах Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.

Айлчлалын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Австри улсын Хууль зүйн сайд К.Бандион-Ортнертэй уулзаж, хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх боломж болон Монгол Улсын Засгийн газраас Европын Холбооны стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах зорилтын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд К.Бандион-Ортнер тус улс нь Европын Холбоонд тэргүүлэх хууль зүйн цахим сүлжээг бий болгож чадсан талаараа танилцуулж, энэхүү технологи, мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж