А.Аданы “Жизель” балет

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

А.Аданы “Жизель” балет

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет нь энэ сарын 23-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсч үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli  Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ. А.Аданы “Жизель” нь бүжгэн жүжгийг төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.

Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн бөгөөд. хоёр энэ балетын сэдвийн учгийг ийнхүү гаргахдаа өмнөх үеийн бүжгийн урлагийн ололт амжилтыг түшиглээд зогссонгүй романтизмын эхэн үеийн шинэчлэлтийн арга барилыг ч бас бодолцсон юм. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийлжээ.

Ирэх ням гаригт буюу энэ сарын 23-нд тоглох А.Аданы “Жизель” балетын Жизельд балетчин Г.Цолмон, Албертад О.Ганцоож, их сүнс Миртад Б.Саруул тус тус бүжиглэх юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж