Ерөнхийлөгч Швейцарийн холбооны улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Швейцарийн холбооны улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсад ажлын айлчлал хийж, нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Швейцарын Давост зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна.

Швейцарын холбооны улсад хийх ажлын айлчлалын зорилго нь Швейцарын нутгийн өөрөө удирдах ёсны зарчим, орон нутгийн төсөв хэрхэн батлагддаг, төвлөрлийг сааруулах, шууд ардчилал хэрхэн хэрэгждэг зэрэг асуудлаар Швейцарын орон нутгийн туршлагыг судалж, энэ чиглэлд тус улстай хамтран ажиллах талаар санал солилцоход орших ажээ.

Айлчлалын үеэр Швейцарын парламентын дарга, Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн ерөнхий захирал зэрэг өндөр, дээд албаны хүмүүс, мөн  Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч, Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна.

Давос хотноо жил бүрийн эхээр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ удаа “Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” сэдвийн дор хуралдана. Давосын чуулга уулзалтын дарга К.Швабаас ирүүлсэн урилгын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулга уулзалтад оролцох аж.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд болох “Нөөц нь ховордож буй ертөнц дэх түүхий эдийн үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах нь” сэдэвт хуралдаанд оролцож, нээлтийн үг хэлнэ. Мөн “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид” сэдэвт хуралдаан, Авилгалын эсрэг түншлэлийн санаачлагаас зохион байгуулах тусгай хуралдаан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөлийн гишүүний хувьд “Усны найдвартай ирээдүйн төлөөх хамтын арга зам” сэдэвт хуралдаанд тус тус оролцож, үг хэлнэ.

Түүнчлэн чуулга  уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалтууд хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөөд буй юм байна.

Г.Дарь     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж