Монголчуудаас үр дүн нэхсэн чуулган

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Монголчуудаас үр дүн нэхсэн чуулган

“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр орой 18.00 цагт “Black box” театрт болох гэж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын төр засагтай холбох гүүр болгон зохион байгуулж  буй “Инвест Монголиа” чуулга уулзалт саяхан /2017.09.04-05/  Улаанбаатар хотноо болж, хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. Монголын төр засаг тогтворгүй, төр барих дээд байгууллагын гаргасан шийдвэр тогтворгүй төртэйгээ  адил богино настай, монголчууд өвөр зуураа өс зангиддаг, амласан амлалт, байгуулсан гэрээгээ эргэх зууртаа мартдаг зангаас үүдэн  олон хөрөнгө оруулагч нүүр буруулдаг гэдгийг энэ удаагийн чуулганд оролцогчид санууллаа.  “Инвест Монголиа”-г зорин ирж буй хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн таван жил тууштай нэмэгдсэн,  Монголд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ 60 хувь өссөн гэхчлэн  чих баясгасан мэдээллийн хажуугаар чих халууцуулсан бодит үнэнийг сонсохгүй, харахгүй өнгөрч  чадсангүй.

Их Британийн Элчин сайд, хатагтай  Катрин Арнолд  “Хөрөнгө оруулагчид маш тодорхой, бодит нөхцөл хүсч байгаа. Тэд Монгол Улсын төр тодорхой, тууштай, харилцаа холбоотой байхыг хүлээж байдаг. Монгол Улс Их Британи улс болон Европын холбоо, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Бидний хувьд тулгамддаг гол асуудал гэвэл стандарт. Хэрвээ Монгол Улс үнэхээр Европын зах зээлд гарах сонирхолтой байгаа бол стандартад нийцүүлэх бодлого барьж, түүнийгээ хэвшүүлэх нь чухал” гэж эрсхэн хэлж байна.

“Монгол Улс, монгол  хүмүүсийн тогтсон ойлголтыг өөрчлөх шаардлагатай. Сайн засаглалын үндэс бол бүхэлдээ ил тод байдал, ашиг сонирхлын  зөрчилгүй байх, хувьцаа эзэмшигчдэдээ итгэх явдал юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээхийн тулд  өөрчлөлт хийх нь чухал гэсэн эрхэм бол Дойче ассет менежмент ХХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн Кристиан Штренгер.

“Инвест Монголиа”-гийн индэр дээрээс монголчууд, Монгол Улсын өнөөгийн төрх, байгаа байдал, нүцгэн үнэнийг палхийтэл хэлсэн хүн бол нийтлэлч Баабар. Тэрбээр хэлэхдээ:

  • Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундаж зууны ойлголттой. Өөрийнхөө улсын сул, дорой хоцрогдож явааг мэддэг, үүндээ их комплекстой.

  • Өмнөх түүхийнхээ гялайж гялтайсан үеийг бахархал болгох гэж тэмүүлдэг. Өнөөдрөөрөө амьдарч, өнгөрснөөрөө бахархаж, маргаашаа мартдаг. Хоцрогдлынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал, дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.

  • Өөрсдийгөө асар их баялагтай, эсвэл маш их бололцоотой авч үүнд нь саад болсон, эсвэл баялгийг нь булаах гэсэн гадны хүчин байгаад итгэдэг.

  • Сонгогдсон ч бай, диктаторын ч бай төрөө үргэлж харддаг. Ямар ч шийдвэрийг нь хардах эсэргүүцэх хандлага хавтгай.

  • Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчдэдээ илүү дайсагнан ханддаг.

  • Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

  • Зорилготой зорилгогүйгээр тараасан хуйвалдааны онол маягийн цуурхал болоод зориудын мушгин гуйвуулалтад нэн автамхай ” хэмээн  улайтал хэлсэн юм.

Хэдийгээр энэ нь хөгжиж буй орнуудын туулдаг зам гэж өмгөөлж болох ч Монгол Улс, монголчуудын хувьд ардчиллаар замнасан 27 жилд төвхнөж, төлөвшиж амжаагүй нь харамсалтай.  Бодлогын түвшиндээ тууштай байж чадахгүй,  баталсан хуулиа дагаж мөрддөггүйгээс болж Монголын төр засаг ойворгон зантай, ороо бусгаа ааштай хүн шиг үнэлэгдэж байна, олон улсад.  Өчигдөр уулзахдаа сүйд болоод байсан хэр нь өнөөдөр тааралдахдаа мэндлэх  ч үгүй зөрөөд явчихдаг ойворгон хүн байдаг. Монголын төр засаг хөрөнгө оруулагчдад яг л тийм байдлаар хандаж байна. Мөнгө хэрэгтэй байна, хөрөнгө оруулаач гэх хэр нь сонирхоод сонжчих нэг ч төсөлгүй, хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ ч байхгүй ийм орон олон биш. Бусдаас хөрөнгийг нь авч, улс орноо хөгжүүлье гэж байгаа бол хөрөнгө оруулагчдад найр тавьдаг ёсон бий. Төсөл хөтөлбөрөөс ганцхан хөрөнгө оруулагч хожоод бид алдаад байдаг юм бол байн байн чуулж,  хөрөнгө мөнгөгүйгээ гаднын улсуудад дуулгах хэрэг юун.  

Төр засаг солигдсон ч бодлого нь тууштай хэрэгждэг улс орон бас бий. Засгийн газар нь, сайд дарга нар нь байсхийгээд толгой бөхийн ажлаа өгдөг Япон улсаас хөрөнгөтнүүд зугтаад арилсан нь үгүй. Бодлого нь тууштай, төр засаг нь залгамж халаатай улс орны хувьд  засаглагч хэн байхаас үл хамааран  төрийн ажил алба урагшилж байдаг нь атаархмаар.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, шилгээгээд байгаа  монгол төрийн муухай араншинг монголчууд өөрсдөө ч таашаадаггүй. Ах намуудын өвөр зуурын өс хонзон, өгөө аваанаас болж Монголын нэр хүнд олон улсын төвшинд шалдаа бууж байгааг мэдрэх сөхөө Төрийн ордныхонд алга. Аль өрөөнд хэний фракци цуглаж, ямар хэрүүл хийж, хор найруулж суугаа нь л бүхнээс чухал болж.

Бүтэн 11 жилийн турш Монголын төр засгийн өмнөөс хөрөнгө оруулагчдыг урьж, ул дол болтлоо ужгирсан асуудлыг засахгүй гэдгийг нь мэдсэн ч жил тутам сануулсаар байгаа Фронтиер Үнэт цаасны компанийнханд талархая. Ойворгон төртэй, онгироо монголчуудаас  үр дүн нэхсэн чуулган байлаа, “Инвест Монголиа-2017”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж