Нүүрснийхэн асуудлаа 7 жил ярьж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Нүүрснийхэн асуудлаа 7 жил ярьж байна

Архангай аймагт өчигдөр АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн Архангай аймагт хэрэгжүүлэх “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн нээлт боллоо.

“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудал зочдын хөлд дарагджээ. Тэнд гадаад, дотоодын “нүүрснийхэн” цугларч, боломж, бололцоо, тээвэрлэлт, үнэ өртөгийн талаар ярилцаж байна. Жилийн жилд нүүрсний салбарынхан цугларч тулгамдсан асуудлаа ярилцдаг. Гэвч, асуудал нь амь бөхтэй байсаар.  Долоон жилийн өмнө л нүүрсний салбарынхны ганц том асуудал нь тээвэрлэлт байсан бол одоо ч байсаар. Монголын нүүрсний салбар, Монголын эдийн засаг  нөгөө л жижиг тойрог дотроо л эргэлдэж байна.

Монгол Улс бол  БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч улс. 2017 оны эхний хагас жилд урд хөрш болох БНХАУ-ын хилээр 19.5 сая тонн нүүрс экспортолжээ. Нүүрсний гол импортлогч Хятад улс БНАСУ-д хориг тавьж, тэндээс нүүрс авахаа больсон нь коксжих нүүрсний үнэ өсөхөд нөлөөлснийг тус салбарынхан онцоллоо.  Хэдийгээр дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 310 ам.доллар хүрсэн ч монголчуудын хувьд энэ алтан боломжийг ашиглаж чадаагүй нь тээвэрлэлттэй холбоотой байв.

Хэрэвзээ төмөр замтай байсан бол үүнээс илүү ихийг экспортод гаргах боломж нээгдэх байсныг, нүүрсний салбарт нүүрлэсэн асуудал улам томорсоор, улс төрийн хэрүүлийн бай болсоор байгааг Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран хэллээ.

Монгол нүүрснийхээ нөөцөөр дэлхийд аравт ордог. Коксжих  нүүрснийхээ чанараар дээгүүрт бичигддэг. Гэвч, дэлхийн нүүрсний гол том зах зээлийн дэргэд шахуу, газар зүйн асар том боломжтой Монгол Улс нүүрсний өрсөлдөөнөөс улам бүр шахагдаж байна. Үүний шалтгаан нь тээвэрлэлт. Тээвэрлэлтийнхээ асуудлыг ярилцах бүрт улс төрийн улаан хэрүүл болоод дуусдаг нь энэ салбарыг дээшээ ч үгүй, доошоо ч үгүй нэгэн тойрогтоо эргэлдэх нөхцөл болсоор байгааг нүүрсний салбарынхан шүүмжилж сууна.

Нөгөө л улиг болсон шүүмжлэл, үр дүнгүй чуулга уулзалтууд. Бөөн зардал, бөөн стресс. Эдийн засгийн чуулга уулзалт болгон хоосон яриа, хэрэгждэггүй амлалт, хий дэмий цаг зав үрсэн ажил болдог. Энэ удаад ч нүүрсний салбарынхны зовлон жаргалыг эздээс нь өөр анхаарч үзэх эрх баригчид нь завгүй улстөржиж сууна.  Хууль батлах ёстой УИХ нь Засгийн газраа унагаахаар улайрч, эрх барьж байгаа МАН-д энэ хурал хамаа ч үгүй бололтой. Ядахад тээвэрлэлтийнх нь асуудлыг мэдэж шийдэх салбарын сайд нь хойд хөршид айлчилж яваа. Ёстой л хойшоо харсан тарваганы нүхэнд хашгирч байгаа аятай л нүүрсний салбарынхан өөр хоорондоо асуудлаа хэлэлцэж сууна. Хэзээ төмөр замтай болохыг хэлж өгөөч бурхан минь гэгчээр нүүрсний салбарынхан яг үнэндээ “Бухын доодохыг харсан үнэг турж үхнэ” гэгч л болж суугаагаа ярьж байна.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй чуулга уулзалтад оролцохоор гадаадын 120 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.  Энэ нь Монголын нүүрсний салбар гадаадынхны анхаарлын төвд байсаар л байгаа гэсэн үг. Магадгүй олон улсын судалгаагаар 2030 он хүртэл нүүрсний ерөнхий хэрэглээ эрэлт, хэрэгцээ буурахгүй гэсэнтэй холбоотой байх. Нөгөө талаар Монголын дарга нар “ухаан” сууна гэж горьдсоных ч биз.  Гэвч энэ салбараас эрх баригчид, улстөрчид хошуу, хуруугаа дүрсэн хэвээр байх юм бол Монголын нүүрсний салбарынхан 20 жилийн дараа нөгөө л нүүрсний тээвэрлэлтээ ярьсаар л байх болов уу даа гэсэн харамсалтай бодол санал, шүүмжлэлээ өрнүүлж суугаа нүүрсний салбарынхны чуулга уулзалтаас төрсөн юм.

Монгол Улсын экспортын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 50 орчим сая тоннд хүрсэн ч бүрэн хүчин чадлынхаа тал хүрэхгүй хувийг ашиглаж байгааг мэргэжилтнүүд онцолж сууна. Тиймээс цаашдаа нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа талаар чуулганд оролцогчид хэлсэн юм. Мөн нүүрсний уурхайд тээвэрлэлт хийж буй хүмүүс хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд ажиллаж, амь насаа хүртэл алдаж байгаа асуудлыг төр засгаас анхаарахыг “Coal Mongolia” чуулга уулзалтад оролцогчид сануулж байна.
 

Т.НАРАН: Тавантолгойгоос Оросын алс дорнодын
“Восточный” боомт руу нүүрс тээвэрлэхэд 4000 км болно

 

Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран

-Монгол Улс нүүрсээ экспортлоход тээврийн дэд бүтэц муугаас дэлхийд өрсөлдөх чадвараа алдаж байна. Бид Тавантолгойн уурхайгаас нүүрсээ экспортлоод эцсийн хэрэглэгчдэд аваачихад 110 ам.доллар болж байна. Гэтэл Тавантолгойгоос Оросын алс дорнодын “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэхэд 4000 км болно. Нүүрсний салбар өөрөө тээвэрлэлттэй шууд хамааралтай. Нүүрсийг их хэмжээгээр, богино зайд тээвэрлэснээр ашигтай байдаг. Тэгэхээр манай улсад дөрөв дахин урт замаар нүүрсээ тээвэрлэх  нь ашиггүй. Хэдэн жилийн өмнө Оросын төмөр замын дарга Монголд ирж, бас энэ асуудлыг ярьсан байдаг. Тэгээд ОХУ руу зам тээврээр нүүрс тээвэрлэхээр Улаанбаатар төмөр зам дээрээс 80 вагон нүүрс ачаад, тууз хайчлаад явуулсан. Тэр 80 вагон нүүрс найм хоноод очно гэсэн боловч 14 хоногийн дараа очоогүй л байсан. Өмнө нь ийм туршилтыг хийж үзсэн. Тэр их зардлаар очсон нүүрсийг хэн худалдаж авах юм бэ гэдэг асуулт л гарч ирнэ шүү дээ.


 

Б.АЛТСҮХ: Нүүрс тээвэрлэлтийн зардал өндөр учраас
Австрали шиг үнээр нүүрсээ зарах боломжгүй

 

Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтсүх

-Дэлхий дахин агаарын бохирдол, байгаль орчноос болж түүхий нүүрснээс татгалзаж байгаа ч яг нүүрсийг орлуулаад гаргах эрчим хүчний эх үүсвэрийг хангаж чадахгүй байна. Олон улсын судалгаагаар 2030 он хүртэл нүүрсний ерөнхий хэрэглээ эрэлт, хэрэгцээ буурахгүй гэсэн байдаг. Одоо дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн үзүүлэлттэй байгаа. Манай улс газарзүй болон тээвэрлэлт, ложистикын байдлаар хязгаарлагдмал байна. Монголоос БНХАУ-ын хил хүртэл нүүрсийг автозамаар тээвэрлэж байгаа. Цаашаа далайн боомт ортлоо БНХАУ-ын төмөр замаар тээвэрлэдэг. Энэхүү тээвэрлэлтийн үнэ өндөр байгаа учраас Австралитай өрсөлдөхүйц өндөр үнээр нүүрсээ зарах боломжгүй байна.


Л.НАРАНБААТАР: Нүүрсний нийт олборлолтын хүчин чадлынхаа
40 хувийг л ашиглаж байна

 

“Гложекс” геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар

-Бид өнгөрсөн зургаан жил “Coal Mongolia-2017” чуулга уулзалтаараа зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгыг тавьж байсан. Өнөөдөр энэ зорилгодоо хүрчээ. Монгол Улсад 20 гаруй нүүрсний уурхай нүүрс экспортолж байгаа бөгөөд жилд нүүр экспортлох хүчин чадал нь 60 сая тонн байгаа. Гэтэл гадаад зах зээлд нүүрсний худалдаагаа хангалттай хийж чадахгүй байна. Өнгөрсөн жил Монгол Улс 25.6 сая тонн нүүрс экспортолж, хамгийн дээд хэмжээний нүүрс зарлаа шүү дээ. Энэ үзүүлэлт бол нийт олборлолтын хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж чадаж байна гэсэн үг. Үлдэж буй 60 хувийг бүрэн ашиглахын тулд нүүрсний салбарын тээвэрлэлт, ложистик, хил гаалийн зохион байгуулалт ус агаар мэт хэрэгтэй байна.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:
Манай компанид ямар ч өр байхгүй

 

-Манай компанийн нэр дээр Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн 200 сая ам.доллар өр хүүтэйгээ явдаг. Дээр нь улирлын эхэнд зургадугаар сарын 1-нээс тайлан авчихдаг учраас зургадугаар сард хийсэн өр төлбөрүүд долдугаар сард төлөгдсөн. Эдгээр өрүүд автоматаар бичилтэд ордог учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр өндөр юм шиг харагдаад байгаа. Тэрнээс биш манай компани өөр ямар ч өр байхгүй. Хүний хөгжил сангийн өр бол манай компанийн өөрийн өр биш л дээ. “Чалко”-гийн өрийн дарахын тулд Баруун цанхын уурхайн үйл ажиллагааг  эхлүүлж, тус уурхайгаас гарсан нүүрсээ зах зээлийн үнээр борлуулсан. Тэр борлуулалтын мөнгөөрөө “Чалко”-гийн өрийг төрөөс дарсан. “Чалко”-гийн өрийн хугацаа яг зургадугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсныг гурван сарын өмнө дарж чадсан.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж