Загварын чиг хандлагыг тодорхойлдог олон улсын үзэсгэлэнгүүд шил шилээ даран зохион байгуулагдаж улс орныхоо нэрийг олон улсын зах зээлд сурталчлах шилдэг брэндүүд чуулсаар байна. Дэлхийн хувцас загварын брэндүүдийг хэрэглээ, чанар, урлагийн төрөл талаас нь шигшин оролцуудаг PITTI IMMAGINE UOMO үзэсгэлэнд Гоёо брэнд Монгол улсаа төлөөлөн 2 дахь жилдээ оролцсон тухай өмнө нь та бүхэнд мэдээлсэн билээ.
Гоёо брэнд дэлхийд өрсөлдөх чадвартай брэнд гэдгээ дахин баталж Монгол ноолуураар дэлхийг гоёно гэсэн эрхэм зорилго биелүүлэхээр нэгдүгээр сарын 19-нөөс 21-ний хооронд Берлин хотноо зохион байгуулагдаж байгаа “Premium Berlin” үзэсгэлэнд амжилттай оролцож байна.
Олон улсын нэр хүндтэй брэндүүдийн хүсэн хүлээдэг Premium Berlin үзэсгэлэнгийн энэ удаагийн үйл ажиллагаа Premium men буюу эрэгтэй хувцасны шилдгүүдийг танилцуулж буйгаараа онцлогтой. Дээд зэрэглэлийн сонгодог загварын костюмнаас эхлээд дэвшилтэд орчин үеийн шийдэл бүхий 1000 гаруй загварууд тус үзэсгэлэнд дэлгэгджээ. Нэр хүндтэй энэхүү үзэсгэлэнд анх удаа Монгол улсаа төлөөлөн Гоёо брэнд Италийн нэрт дизайнер Стефано Угеттитэй хамтран гаргасан коллекци болон Гоёогийн дизайнеруудын урласан Fall/Winter 2011-2012 oны эрэгтэй хувцасны коллекциор оролцож байна.
Ажил хэрэг, амралт чөлөөт цаг аль ч үед хамгийн тансаг, дэгжин оршихуйг бүрдүүлэгч Гоёо брэндийн тус загварууд олон улсад нэр хүндтэй PITTI IMMAGINE UOMO, Premium Berlin үзэсгэлэнгүүдээс өнгө, загвар, чанараараа өндөр үнэлгээ авч байгаа нь Монголын загварын хөгжлийн илэрхийлэл болж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Гоёо брэндийн эдгээр загварууд тун удахгүй Европын 10 гаруй орны зах зээлд худалдаалагдах төдийгүй дотоодынхоо хэрэглэгчдэд хүрэх юм.