Мьянмарын исламын шашинт рохингья дүрвэгсдийг тээвэрлэж явсан загасчны завь хөмөрснөөс таван хүн амь үрэгджээ. НҮБ-аас 146 мянган рохингья үндэстэн Бангладеш рүү дүрвээд байгааг мэдээлсэн бол Мьянмарын Ан Сан Су Чи буруу мэдээлэл нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг хэлжээ. Үүний зэрэгцээ Бангладешийн хилийн харуулынхан 450 орчим хүнийг саатуулж, нутаг буцахыг тушаасан байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 25-аас хойш Бангладешийг зорих дүрвэгсдийн тоо огцом нэмэгджээ. Бангладешийн албаныхан хэд хэдэн газарт дүрвэгсдийн хуаран босгож, рохингья үндэстнүүдийг хүлээж авч байгаа аж. Мөн Бангладешийн ерөнхий сайд шинээр ирэгсдийг хурууны хээгээр нь бүртгэж авахыг холбогдох албаныханд даалгасан байна. НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс дүрвэгсдэд зориулан 11.3 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ. “UNICEF”-ын мэдээлснээр дүрвэгсдийн 80 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа гэнэ.
Мьянмарын аюулгүй байдлын албаныхан хилийн дагуу тэсрэх бөмбөг булсан тухай мэдээлэл гарсанд Бангладешийн талаас санаа зовниж буйгаа мэдэгдэж, хүчирхийллийг зогсоохыг шаарджээ. Мьянмарын цэргийнхэн наймдугаар сард 400 орчим хүнийг хөнөөсний олонх нь террористууд, салан тусгаарлагчид хэмээн мэдэгдсэн байна. Харин исламын шашинт орнуудын зүгээс Мьянмарыг үндэстний цэвэрлэгээ явуулж байгаад буруутгажээ.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА