Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. 42 хоёр дахь жилдээ болж буй энэхүү үзэсгэлэн 10-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцох ажээ. Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал болон сугалаат худалдаа явуулах аж. Мөн үзэсгэлэнд байгаль, экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг НЗД-ын нэрэмжит шагналаар шагнах юм байна.
Үзэсгэлэнд Тайваний аж ахуйн нэгжүүд эмнэлэг, цахилгааны тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан болон мод боловсруулах, Чехийн компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөө танилцуулах аж. Мөн Хонгконгийн сувд шүрэн эдлэл, гоёл чимэглэл, ОХУ-аас импортлосон зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлах аж. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалыг танилцуулж байна.
Б.БАТ