Японы Эзэн хаан Акихитогийн ууган ач охин Мако гүнж хааны удмын хэргэм зэргээсээ татгалзаж, эгэл жирийн эртэй амьдралаа холбохоор шийджээ.
Гүнжийн сэтгэлийг татаж, төрж өссөн, дадаж дассан амьдралаа орхих хүртэл зүрх сэтгэлийг нь булаасан тэр залууг Кей Комуро гэдэг. 25 настай, Мако гүнжтэй нас чацуутан.
Японы Эзэн хааны Акихитогийн хамгийн том ач охин, гүнж Мако эгэл жирийн эртэй сүй тавих гэж буй тухай мэдээлэл анх тавдугаар сард олон нийтэд ил болсон юм. Хааны удмын тогтсон зан заншил, дэг жаягийн дагуу Мако үүний тулд язгууртны хэргэмээс татгалзаж, эгэл жирийн нэгэн болох учиртай. Түүний хүүхдүүд ч бас хааны удамд хамаарахгүй, эгэл ардын хүүхэд болж торнино. Гүнжийн өмнө ирсэн сонголтоос гадна Эзэн хааны гэр бүл түүний шийдвэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, нийтэд зарлах учиртай байв.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Мако гүнж, түүний сүйт залуу Кей Комуро нар Токиод хэвлэлийн бага хурал хийж, ойрын хугацаанд хуримын зар дуулгах болсноо албан ёсоор тунхагласан юм.
Гүнж Мако, Кей Комуро нарын хайр дурлал оюутан цагаас эхэлжээ. Тэд таван жилийн өмнө, хоёул Токиогийн олон улсын христийн их сургуульд сурч байхдаа анх найзаараа дамжуулан танилцсан гэнэ.
Хэвлэлийн хурлын үеэр Мако гүнж “Нар гийгүүлж байгаа мэт нүүр дүүрэн инээмсэглэлд нь анх татагдсан” хэмээн хэлээд, ичингүйрэв.
Тэд оюутнуудын нэгэн арга хэмжээний үеэр анх удаа хоёр биетэйгээ ярилцаж, удалгүй болзож эхэлсэн гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам гүнж түүний “үнэнч шударга, шийдэмгий, шаргуу хөдөлмөрч, уужуу нэгэн” болохыг мэдсэн ажээ.
Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, Мако Британид, харин Комуро АНУ-д суралцсан нэг жилийн хугацаанд ч тэд бие холдсон ч сэтгэл улам бүр ойртсон тухайгаа хэлсэн юм.
2013 оны арванхоёрдугаар сард Комуро дурлалт бүсгүйгээ оройн зоогт урьж, тэр онцгой үдэш гэрлэх санал тавьжээ. Гүнж хайр сэтгэлийнхээ төлөө язгууртны хэргэмээс татгалзахад бэлэн байсан тул Комурог ирээдүйн эр нөхрийн хувиар эцэг, эхтэйгээ танилцуулсан гэнэ. Макогийн эцэг, эх хаан ширээ залгах хоёр дахь хүн болох ханхүү Акишино, түүний гэргий Кико гүнж болоод Эзэн хааны Акихито, Эзэн хааны хатан Мичико нар Комурог хүлээн зөвшөөрч, гүнжийн сонголтыг хүндэтгэсэнд тэр ихэд баяртай байгаагаа ярьжээ.
Гүнжийг хэргэмээс нь татгалзуулсан залуугийн талаарх мэдээлэл харьцангуй хомс.
Japan Times мэдээлснээр Комуро өмнө нь банкинд ажиллаж байсан, харин өнгөрсөн хавраас эхлэн нэгэн хуулийн фирмд хуульчийн туслах ажилтнаар ажиллах болжээ. Токиогийн Олон улсын христийн их сургуулийг дүүргээд Комуро бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшихээр Хитоцүбаши их сургуульд магистрын зэрэг горилж байгаа. Одоогоор тэр албан ёсоор хуульчийн шалгалт өгч, эрхээ аваагүй байгаа аж.
Комуро оюутан болохоосоо өмнө 2010 онд Канагама мужийн Шонан наран шарлагын газарт аялал жуучлалыг сурталчлах зорилгоор “Тэнгисийн ханхүү”-гийн дүрд хувирдаг байсан гэнэ. Тэрбээр мөн франц ресторанд цагийн ажил хийж, сургалтын төвд англи хэл заадаг байжээ.
Ээж, өвөө хоёртойгоо амьдардаг. Хийл тоглох, төгөлдөр хуур дээр жазз ая тоглох, цанаар гулгах, хоол хийх нь Комурогийн хобби гэнэ. Ирээдүйд дипломат салбарт хүч сорих хүсэлтэй.
Комуро өөрийнхөө талаар цаг нь болохоор ярина гэж сэтгүүлчдийн асуултаас зайлсхийдэг гэнэ.
Мако гүнж, Кей Комуро нарын хуримын талаарх нарийн ширийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Хуримаас урьтаж хийх ёстой ёс жаяг, дүрэм журам цөөнгүй учир хуримын ёслолыг ирэх жилийн намар зохион байгуулах боломжтой тухай Эзэн хааны ордны захиргаанаас мэдэгджээ.
Мако гүнж Японы Эзэн хааны дөрвөн ач нараас хүнтэй гэрлэж буй анхных нь юм. Тэдний энэ баярт мэдээ харамсалтай нь Эзэн хааны удмын ирээдүйд тийм ч таатай зүйл биш. 2000 жилийн тэртээгээс үе залгамжлан үргэлжилж буй хааны удам угсаа жилээс жилд хумигдаж, хааны угсааны ердөө 19 хүн үлджээ.
Макогийн 83 настай өвөө Эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан ширээнээс татгалзах хүсэлт гаргасан. Японы парламент Эзэн хааны хүсэлтийг болгоож, зөвхөн түүнд зориулан хууль баталсан юм. Энэ дагуу Эзэн хааны Акихито 2018 оны сүүлчээр хаан ширээгээ өөрийн ууган хүү угсаа залгамжлах ханхүү Нарухитод шилжүүлэн өгнө.
Нарухитогийн дараа түүний дүү Акишино буюу Макогийн аав хаан ширээ залгамжлах учиртай. Харин түүнээс хойш хааны удамд ердөө ганц эрэгтэй байгаа нь Макогийн дүү, 10 настай ханхүү Хисахито юм. Бусад нь бүгд эмэгтэйчүүд ажээ. Гэтэл Японд бүсгүй хүн хаан ширээ залгамжлах эрхгүй тул хааны удам угсаа тасарч мэдэх аюул ойртжээ.
Холбоотой мэдээ