АНУ-д 95 насандаа, дайны дараах үеийн ядуу орнуудад туслах Америкийн даяарчлалын сүлжээ болсон Энх тайвны корпусийг үндэслэгч, түүний анхны захирал Сарджент Шрайвер нас баржээ.
Кеннедийн улс төрийг отгийн хүн тэрээр энэ жил тэмдэглэгдэх Энх тайвны корпусийн 50 жилийн ойгоо арай үзэж амжсангүй.
Тус байгууллагын зорилго нь хэвээр байгаа ба АНУ-ын засаг захиргааны хэрэгжүүлдэг тусламжийн хөтөлбөрөө одоо 130 оронд явуулж буй. Ядуурлын эсрэг дэлхийн аяны гол үзэл сурталч гэдгээрээ түүхэнд үлдсэн тэрээр өнгөрсөн мягмар гаригт Альцгеймерийн өвчний улмаас Мэрилендын эмнэлэгт өөд боллоо. Түүний нас барсантай холбогдуулан гаргасан илгээлтдээ Барак Обама “агуу үеийн хамгийн тод томруун туяа” гэж Сарджент Шрайверыг нэрлэсэн байна. “Түүнийг алдсаныг сүүлийн хагас зууны дотор Энх тайвны корпусийн сайн дурынхан ажилласан дэлхийн орнууд ба тэгш биш эрх, шударга бус явдалтай түүний хийсэн тэмцлийн дүнд энд гэртээ илүү сайн амьдах болсон хүмүүс мэдрэн гашуудаж байна” хэмээн ерөнхийлөгч тэмдэглээд Шрайверийн таван хүүхэд, түүний 19 ач зээ нарт гашуудлаа илэрхийлжээ.
Сануулахад тэрээр Кеннедийн отогт хамаардаг. Шрайвер 1953 онд ерөнхийлөгч Кеннедийн дүү Юнистай гэрлэн 56 жил хамт амьдраад эхнэрээ 2009 онд сүүлчийн замд нь үдсэн байв. Тэдний охин Мария Арнольд Шварценеггерийн эхнэр юм.
Жона Кеннеди ерөнхийлөгч болсны дараа Сарджент Шрайвер алс тэртээ 1961 онд Энх тайвны корпусийг толгойлжээ. Колонийн ертөнцийн нуранги дээр үүссэн шинэ залуу ядуу орнуудад туслах ийм байгууллага гаргах санааг Жон Кеннеди гаргасан гэдэг. Анх байгууллага үүсэхэд түүнийг амжилттай болно гэдэгт хэн ч итгэхгүй байв. Дараа нь ажил унахаар хамаатнаа халах нь ерөнхийлөгчид амар байх болно хэмээн Шрайверийн томилолтын талаар ярьж байжээ.
1965 он гэхэд Энх тайвны корпусийн 14,5 мянган сайн дурынхан дэлхийн 55 онд ажиллаж байв. Сарджент Шрайвер өөрөө хамгийн ядуу орнуудаас 560 мянган км замыг туулан ажлаа амжуулж явахдаа гурван ч удаа хижгээр өвдөж байлаа. Энэ хүмүүнлэгийн байгууллагад хагас зууны дотор 200 мянган сайн дурынхан ажиллан 139 улс оронд туслажээ. 1976 онд Сарджент Шрайвер ерөнхийлөгчид нэр дэвшээд амжилт олоогүй учир том улс төрийг орхисон байв. Өмнө нь Францад Элчин байжээ. Ерөнхийлөгч Билл Клинтон түүнд АНУ-ын иргэний хамгийн том шагнал Конгрессийн алтан медалийг 1994 онд гардуулж байв.