С.Мияарагчаа, С.Ням-Очир нар мөнгөн медалийн төлөө хоорондоо таарлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа, С.Ням-Очир нар мөнгөн медалийн төлөө хоорондоо таарлаа

Чехийн Прага болон Польшийн Варшав хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй 39 орны 329, эмэгтэй 30 орны 193 жүдоч өрсөлдөж байна.

Өнөөдөр манай бөхчүүдээс Чехэд болж буй эрчүүдийн “тулаан”-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, С.Ням-Очир нар 73 кг-д, Г.Болдбаатар 60 кг-д өрсөлдлөө. Манай бөхчүүдээс 60 кг-д өрсөлдсөн Г.Болдбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн барилдаанд Украйны бөхийг ялсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Унгарын жүдочид хоёр торгуулж, юко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээжээ.  

Харин тэмцээний 73 кг-ын жинд өрсөлдсөн Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Беларусын тамирчин Витали Шаулиукт ялагдсан бол энэ жинд хүч үзэж байгаа ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир нар мөнгөн медалийн төлөө хоорондоо таарч барилдахаар боллоо. С.Мияарагчаагийн хувьд тойргийн барилдаануудад Австри, Унгар, Чехийн тамирчныг цэвэр ялж, улмаар хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Португалийн Андре Алвеыг мөн цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд шалгарч үлдээд байна. Тэрбээр Австрийг 53, Чехийг 30, Португалийг 34 дэх секундэд цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо таарсан Унгарын жүдочийг 01 секундэд буюу барилдаан эхэлснээс хойш нэг секундэд цэвэр ялж, гайхалтай барилдаан үзүүлсэн байна.

ОУХМ С.Ням-Очирын хувьд долоо хоногийн өмнө болсон Олон улсын гранпри тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа. Тэрбээр энэ удаа эхний тойрогтоо Томас Урбансокыг ялж, улмаар Бельги, ОХУ-ын тамирчдыг тойргийн барилдаанд ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын бөхийг ялснаар С.Мияарагчаатай мөнгөн медалийн төлөө буюу зооны аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Манай хоёр бөхийн хэн ялсан нь цаашид аваргын төлөө Франц, БНСУ-ын бөхчүүдийн хэн ялсантай нь өрсөлдөнө.
Түүнчлэн өнөөдөр Польшийн Варшавт эхэлсэн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчин М.Уранцэцэг өрсөлдлөө. Түүний хувьд эхний тойрогтоо Болгарын бөхийг ялсан ч дараагийн өрсөлдөгч болох Францын жүдочид ялагджээ.

Маргааш барилдах бөхчүүдийн тухайд:

Эрэгтэй:

81 кг: Г.Ууганбаатар – Жакоб Кубеник /Польш/
90 кг: Д.Нямхүү – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Мурат Газиев /ОХУ/
-100 кг: Б.Тэмүүлэн – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Прзим Матужасек /Польш/  
-100 кг: Н.Түвшинбаяр – Асхаб Гостиев /ОХУ/

Эмэгтэй:
-78 кг: П.Лхамдэгд – Ами Коттон /Канад/

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж