Эдийн засагт улаан дохио хангинаж, 2016 онд төсөв хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Дампуурлын ирмэгт байсан эдийн засгаа хямралаас гаргах амлалтынхаа дагуу эрх баригчид Олон улсын валютын сан /ОУВС/-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр’-т хамрагдах сонголтыг хийсэн. ОУВС-тай хийсэн тохиролцооны дагуу 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг үе шаттайгаар олгохоор болсон. Одоогоор нийтдээ нэг тэрбум хүрэхгүй ам.долларыг тус сангаас Монголд тусламж болгон өгөөд буй. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас тавьсан шаардлагын дагуу МАН-ын засаг долоон төрлийн татвар нэмэхээс гадна тус сангаас Монголын төв банктай хамтран арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийхээ мэдэгдсэн юм. Активын чанарын үнэлгээ буюу AQR-нь ОУВС-гаас банкны системийн эрүүл мэндийг оношилдог “ хэрэгсэл”. Энэхүү үнэлгээг хийснээр Монгол банкны тухайд одоо эрсдэлд орсон байж болзошгүй арилжааны банкнуудын тогтвортой байдлыг хангах, аюулд орсон банкнуудыг эрсдэлээс хамгаалах гол зорилготой гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна.
Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийх компаниар Чех улсын PWC буюу PricewaterhouseCoopers олон улсын аудитын компанийг сонгогджээ.
Гурван сар гаруй үргэлжлэх шалгалтын дүн ирэх арваннэгдүгээр сарын эхээр гарна. Банкны салбарын гадаад, дотоодын зарим төлөөлөл, эдийн засагчид банкнуудад орсон активын чанарын үнэлгээ Монгол Улсын арилжааны банканд бүтцийн өөрчлөлт хийж, эрүүлжүүлнэ гэсэн таамгийг дэвшүүллээ.
Монголын арилжааны банкуудад активыг чанарын үнэлгээ хийж эхэлснийг “Fitch” агентлаг дурдаад энэхүү шалгалтын үр дүнгээс шалтгаалж, Монгол банк жижиг буюу сул банкнуудаа хооронд нь нэгтгэн нэг том банк болгох, зарим банкуудыг төр өөртөө авч болзошгүй дүгнэлт гаргажээ. Түүнчлэн тус агентлаг ОУВС болон төв банкнаас хамтран хэрэгжүүлж буй активын чанарын үнэлгээг давж гарах арилжааны банк Монголд тун цөөн гэдгийг мөн тодотгосон байв.
Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулдгаас Хаан, Хас банк тогтвортой ажиллах чадвартайг “Fitch” онцолжээ. Тиймээс дээрх банкуудын чанаргүй зээлийн хэмжээ цаашид 11 нэгжээр өссөн ч, шалгалтыг асуудалгүй давах боломжтой гэжээ. Харин Худалдаа хөгжлийн банк чанаргүй зээлийн зургаан нэгжийн өсөлтийг даах чадвартай бол Төрийн банк гурван нэгжийн өсөлт даах хөрөнгөтэйг дурджээ. Төрийн банкны хувьд иргэдийн зээлтэй тул эрсдэл багатай. Мөн чанаргүй зээлийн хувь нь 2016 оны жилийн эцэст 6.7 хувь байсан бол энэ оны эхний улиралд 4.5 хувь болж буурчээ.
“Fitch” нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард B/тогтвортой зэрэглэлээс B-/тогтвортой зэрэглэл рүү шилжүүлсэн. Энэ нь төсвийн хэт их алдагдал, Хөгжлийн Банкны гадаад бондын эргэн төлөлт зэргээс шалтгаалсныг эдийн засагчид тухайн үед онцолж байлаа.
Хэдийгээр Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх нь зөв ч улс төр, эдийн засгийн нөхцөлөө бодсон ч цаг үеийн тохиромж бүрдээгүйг эдийн засагчид сануулж буй.
Харин Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Invest Mongolia 2017” хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох үеэрээ “Шалгалтын дараа банкнууд Монголбанкинд төлөвлөгөө өгнө. Дүрмийн сангаа зузаатгахад зургаан сарын хугацаа олгогдох байх. Банкны салбарын үүрэг Монголд маш чухал” гэдгийг тодотгож байсан юм.
Түүний тодорхойлсноор банкны эрүүл систем нь Монгол Улсын нийт хадгаламж, хуримтлалыг зээлжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах гол механизм аж. Энэхүү шалгалт арилжааны зарим банкийг унагах бус эрүүлжүүлж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангаж, зээлжүүлэлт хэвийн үргэлжилж, эдийн засаг өсч, урт хугацаандаа өрийн дарамтаас гарах боломжтойг Н.Батсайхан захирал ярилаа.
Ингээд “Invest Mongolia 2017” хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Активын чанарын үнэлгээний талаар банкнуудын төлөөлөл ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
“Хас банк”-ны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг:
“ Нэг үгээр хэлбэл банкууд эрүүл мэндийн оношилгоонд орж байгаа хэрэг. Төв банкны нэмэлт санхүүжилтийн болзол, шаардлагыг одоогоор мэдэхгүй байна. Банкууд өнгөрсөн гурав дөрвөн сараас эхэлж, уг шалгалтад бэлтгэж эхэлсэн. Шалгалтын үр дүн хоёр сарын дараа гарах байх” гэлээ.
“Николас Эдвардс Инвестмент” компанийн ерөнхийлөгч Ник Эдвардс:
“Активын чанарын үнэлгээний компани байгуулснаар сайн нөлөө гарч магадгүй. Банкууд муу активаа ялгаж аваад энэ компанид өгөх болно. Их цэгцтэй ажил хийнэ. Банкны салбарыг дэмжих буй ажлын нэг гэж дүгнэж байна.
Активын чанарын үнэлгээ хийх нь улсын банкинд сайнаар нөлөөлдөг юм билээ. Цэвэрлэгээ хийснээр банкны ачааллыг бууруулах сайн талтай. Гэхдээ нэлээд хямдруулж активыг шилжүүлдэг. Нөгөө талаар, Монголд хувийн хэвшлийн банкнууд үйл ажиллагаа явуулдаг учраас өөр байж магадгүй”.
‘Moody’s investors service’-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд:
“Эдийн засгийн өсөлтийн порогнозоос харвал бодитоор ДНБ-ний гурван хувийн өсөлт харагдана гэж тооцсон байдаг. Активын чанарыг авч үзвэл асуудал бий. Чанаргүй зээлийн хэмжээ долоо эсвэл есөн хувьтай тэнцсэн, хугацаа хэтэрсэн зээл 16.8 хувьтай гарсан гээд санаа зовох асуудал ажиглагдаж байна. Гэхдээ хугацаа хэтэрсэн зээл 16 хувиас хэтрэхгүй болов уу. Чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн өсөхгүй байх гэсэн хүлээлт байна. Учир нь уул уурхай, барилга гээд бодит эдийн засаг сэргэж байгаа. Мөн дефолтын эрсдэл буурсан. Монголын төгрөг чангарч, тогтворжиж эхэлсэн. Мөн гадаад позиц сайжирч, гадаад валютын зээл өсөөгүй. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөрийг дурдаж болно. Барьцаа хөрөнгийн үнэлэмж буураагүй байна. Энэ бол үл хөдлөх хөрөнгө үнэ цэнэтэй хэвээр байна гэсэн үг. Эцэст нь энэхүү хөтөлбөрийг дараах байдлаар дүгнэж байна.
- Үйл ажиллагааны орчин тогтвортой байна. Нааштай шинжүүд харагдаж байгаа учраас зарим таамаглалаа өөрчилсөн.
- Активын чанар, капиталыг үүнээс дордохгүй гэж харлаа
- Мөн цэвэр хүү тогтворжих хандлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн шинжээчид AQR хөтөлбөрийн талаар өөр өөрийн тайлбараа хэлсэнюм.