Монголын улс төр дэндүү жижигхэн зүйлээр өдөр хоногийг аргацааж байна. Валютын ханш өсөж, хүүхдүүд сургууль, цэцэрлэггүй, бүгд зээлээр амьдралаа зогоож байхад улстөрчдөд сандал суудлын хэрүүлээс өөр хийх ажилгүй сууна.
Ардчилсан нам түүхэндээ хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гарсан ч өнгөрсөн алдаагаа давтаж, өөр хоорондоо хөлөө жийлцэж, сайдыг огцруулах асуудал нь яван явсаар засгаа годройтуулснаар өнгөрсөн. Тогтвортой засаглал, тодорхой ажил хийхийг хүсч байсан иргэд тэдэнд сонгуулиар дүнгийг нь тавьсан. Өнөөдөр нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй шахам 9-хөн суудалтай болсон.
Харин сандал суудлын хэрүүл хийдэггүй, асуудлыг нэг санаагаар шийднэ гэж найдаж МАН-д 65 суудалтай бүдүүн бүлгээ байгуулах эрх олгосон ч хэрэг алга.
Өөрсдийгөө бүлэг, фракцгүй нэгдмэл бодлоготой нэгдсэн нам гэж өргөмжилдөг МАН-д эрх ашгаараа нэгдсэн, түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахааргүй олон толгойтой могой шиг орох газар олдодгүй болсон гэдгээ сүүлийн өдрүүдэд харуулж байна.
Ерөнхий сайдаа огцруулах асуудлыг өчигдрийн чуулганаар хэлэлцэх байсан ч Ерөнхий сайдаас тавьсан “Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг тодорхой болгохыг хүссэн“ хүсэлтийн дагуу Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайд, Шадар сайд нарын хэрүүлийг хэлэлцэх болов. МАН-ын бүлгийн завсарлага авсан шалтгаан нь ердөө л энэ. Ийм л жижиг асуудлыг УИХ хэлэлцдэг болж. Харамсалтай.
Хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоогоод байгаа хоёр хүний хоорондын хэрүүлийг хууль тогтоох байгууллага нь хэлэлцэнэ гэдэг үнэндээ өрөвдөлтэй. Монголын төрийн ой ухаан хэрхэн доошоо орсон бэ гэдгийг харуулаад байх шиг.
Ардчилсан нам ч ялгаагүй. 65 суудалтай та нар намынхаа асуудлыг өөрсдөө шийд. Өөрсдийн байгуулсан засгаа үлдээнэ үү, балбаад унагана уу, өөрсдийн чинь асуудал гээд орхисон бол дэндүү сайхан харагдах байлаа. Даан ч сөрөг хүчний байр сууриа хамгаалаад МАН-ын 30 гишүүнтэй нэгдэхээр болж байна.
Хожмоо МАН-ын засгийг АН унагаасан гэх улс төрийн хариуцлагыг хүлээнэ гэдгээ ч огоорсонгүй.
МАН-ын бизнесийн ашиг сонирхол нэг фракцууд үнэндээ хувь, эрх мэдлээ булаацалдаж л улс төрийн тоглолт хийж байна.
Энэ асуудал хууль тогтоох байгууллагын түвшинд ч, орон нутаг, дүүрэгт ч халдварлажээ. УИХ-ын гишүүдийн хийгээд байгаа хэрүүлийн жижиг хувилбар НИТХ-д явааг бид бүхэн анзаарч л байгаа. Гарын үсэг зуруулахын тулд биенээ зодсон гээд буйн цаана албан тушаал, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн, нүд улаан, мөнгө цагаан гэгч болсныг харууллаа.
Тиймээс л бидэнд гуравдагч хүчин хэрэгтэй болжээ. 27 жил АН, МАН-ыг ээлжлэн сонгож ирсэн ч үнэндээ тусыг эс олов. Түүний балгаар шинээр мэндэлж буй хүүхэд хүртэл өртэй төрж байна. Тэднээс холын, хөгжлийн бодлого ч гарахаа байжээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр одоо цаашид торгоох юм ч үлдсэнгүй.
ХҮН гэж гуравдагч хүчин хэрэвзээ дотоод нэгдлээ хадгалан сонгуульд оролцсон бол иргэд ямар эрх мэдэл олгох байсныг таашгүй. Өнөөдөр МАН, АН-ын аль альнаас нь залхаж байна.
Сонгуулийн тооцоо, судалгаагүй амлалтаа биелүүлэхийн тулд Монголын эдийн засгийг сөхрүүлж, өрөнд оруулж, өтөнд идүүлсэн явуургүй бодлогоос одоо залхаж байна.
Тиймээс тэднээс төрөө цэвэрлэх цаг болжээ. Тэгээгүй цагт албан тушаалын төлөөх хөгийн хэрүүл, сэхээнд орсон эдийн засагтай л байсаар байх нь. Сонголт сонгогчдын гарт бий. Цаашид бид ийм өрөвдөлтэй байсаар байх уу эсвэл өөрчлөх сонголт хийх үү гэдэг нь таны гарт. Тиймээс ч дараагийн удаад тэднээс татгалзая. Ингэхдээ МАХН гээч ганц хүний эрх ашгийн төлөөх нам бус чадалтай, боловсролтой, эрүүл саруул сэтэхүйтэй, эх орныхоо эрх, ашгийг илүүд үзэх тийм хүмүүсийг л сонгоё. Өөх ч биш, булчирхай ч биш сонголт хийвэл бид өөдлөхгүй гэдгийг өнгөрсөн түүх харуулаад байна. Ийм явцуурхсан эрх ашгийн төлөө яваа нөхдийг сонгосоор байвал тун удахгүй бид Манжийн эрхшээлд орсон шиг эмгэнэлт түүхийг давтахгүй гэсэн баталгаа даан ч алга.
Чонын амнаас гарч, барын аманд орсоор тамирдлаа.