Төрийн байгууллага, яам агентлаг, албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болох зөв жишигийг цөөнгүй газрууд дэмжин, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
Өнгөрсөн жил Гадаад харилцааны яам ажилчдынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх цэцэрлэг байгуулсан бол энэ жил МҮОНРТ ажилчид, уран бүтээлчдийнхээ хүүхдүүдийг өөрийн байрандаа зориулалтын орчин бүрдүүлэн, цэцэрлэг байгуулж, хүлээн авахаар болсон. Гэсэр сүм, Хуримын ордон, “Отгонтэнгэр” их сургууль гээд төр, хувийн гэлтгүй ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж байгаа олон байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй.
Өнөөдөр гэхэд Улаанбаатарын нөхцөлд хамгийн хэрэгтэй энэ үйлчилгээг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нэвтрүүлж, дэргэдээ “Эко бүлэг” цэцэрлэгтэй боллоо.
Дүүргийн Засаг даргын санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэгийг байгуулсан бөгөөд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар ийнхүү дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-тэй болов. Ингэхдээ нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон байгуулжээ.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэг 2-5 насны 640 гаруй хүүхдэд 44 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Түүний салбар болж буй “Эко бүлэг” цэцэрлэг нээгдсэнээр нийт 14 бүлгийн 700 гаруй хүүхдэд 50 гаруй багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэгийг “Эко бүлэг”-ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин, албан хаагчдын 60 гаруй хүүхэд эхний байдлаар хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
“Цэцэрлэг нээгдсэнээр төрийн албан хаагчид өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасч, ажлын бүтээмж, үр дүн өсөх эерэг хандлага гарна” хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд цэцэрлэгийн нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон нь бодит үнэн, бодит байдал юм.
ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг. Тиймээс Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадын албан хаагчдын хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавьжээ. Ирэх жилээс “Эко бүлэг” цэцэрлэгт дахин хоёр бүлэг нэмж, 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгон өргөжүүлөх төлөвлөгөөтэй байгааг дүүргийн удирдлагууд онцолсон юм.
Цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн ч сугалаанаас гадуур үлдсэн хүүхдүүд олон байсан. Тэр хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжихэд энэ санаачилга том тус дэм боллоо гэдгийг эцэг, эхчүүд онцлон, талархал илэрхийлж байв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” зорилтыг тусгасан байдаг. Уг зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, боловсролын хүртээмж, үйлчилгээг сайжруулж, 2017-2018 оны хичээлийн жилд Буянт-Ухаа-2 хорооололд 250 ортой цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 46 дугаар цэцэрлэгийн (240 ортой) барилгын ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад оруулахад бэлэн болж байгаа ажээ. Үүн дээр нэмээд 144 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өртгөтгөлийн барилга баригдснаар Хан-Уул дүүргийн хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмших байдал 85,0 хувьд хүрэх боломж бүрдэж байгааг онцолъё.
Б.ЭНХ