Ногоон байгууламж хийлгэхгүй гэсэн

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламж хийлгэхгүй гэсэн

”Хоёр барилгын зайнд ногоон байгууламж хийлгэхгүй гэхийг өөрийн нүдээр харж, чихээр сонссон”

Манай эриний тавдугаар зуунд ландшафт анх үүсчээ. Энэ цагаас эхлэн анх орчноо тохижуулах гэж эхэлсэн энэ салбар өндөр хөгжилтэй орнуудын мартаж болохгүй чухал салбар болно хөгжжээ. Харин Монголд энэ талын ойлголт дэлгэрээд удаагүй байна. Уншигчид та бүхэнд ландшафтын талаар мэдээлэл өгөх үүднээс Монголын ландшафтын холбооны дэд тэргүүн Жигжидсүрэнтэй уулзсанаа хүргэе.

-Сайн байна уу. Ярилц­ла­гаа ландшафт гэж ямар үүрэгтэй зүйл вэ гэдгээс эхэлье?

-Ландшафт гэдэг маань хүний ая тухтай амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал. Үүн дотроо дуу чимээнээс тусгаарлах, агаарын бохирдол, тоосжилтоос сэргийлэх үүрэг гүйцэт­гэдэг урлаг л юм. Архитек­турыг дотор нь тав, зургаа ангилсан байдаг. Үүний салж болохгүй нэг хэсэг нь ландшафтны архитектур гэж явдаг.

-Манайд ландшафтын хөг­жил ямар байгаа вэ?

-Манайд ландшафтны архи­тек­тур гэдэг мэргэжил огт байгаагүй. ТИС-д иргэний барилга, хот төлөвлөлтийн анги гэж бий. Яг ландшафтаар төгсгөдөггүй. Харин ХААИС-д ланд­­шаф­тын анги хэдэн төг­сөлт хийсэн. Одоо хүн төгсгөхгүй байгаа. Ер нь манайд ланд­шафтны архитектур гэдэг сал­бар нь үндсэндээ орхигдоод, дэлхийн төвшнөөс хамаагүй хол хаягдсан. Ландшафтны ангийг уг нь 1999 онд Хөдөө аж ахуйн их сургуульд нээсэн. Одоо бол долоо, найман төгсөлтийг хийчихсэн байх. Анхны төгсөгчид хот төлөвлөлтийн хүрээлэн, ар­хитек­турын хүрээлэнд очи­хоор монголчууд ландшафтны талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм. Анх очсон газрын хүмүүстээ ойлгуулах гэж тайлбарлаад хэлэхээр “Худлаа яриад бай. Чи ургамал судлаач л байна. Дендрологичоо хий. Чи архитектур огт хийж чадахгүй” гэсэн байдлаар ханддаг байлаа. Иймээс бүх зүй зохицол энэ хотод үгүй болчихсон. Улаанбаатарын өнөө­гийн байдал ямар байгаа­тай холбогдуулаад одооноос л ландшафт гэж юу юм бэ, гэдгийг ойлгож эхэллээ. Хувь хүмүүс болоод, байгууллагууд ландшафт хийлгэе, яаж хийдэг вэ гээд манайд хандаж байна л даа. Ер нь гадны улс орнуудад ландшафтны архитекторч хот, дүүрэг, жижиг тосгон, хөдөө нутгуудад хаа саагүй л заавал байдаг юм л даа. Харин манайд ерөнхий архитектор нь байдаг ч ландшафтны архитек­торч байдаггүй. Өн­дөр хөг­жилтэй орнуудад бол нэг архитекторч байлаа гэ­хэд хажууд нь заавал нэг ландшафтны архитекторч байх ёстой гэсэн хатуу ойлголттой. Саяхан хотын захиргаанаас, хот тохижилтын газраас хурал зөвлөгөөн зохион байгуулж дүүрэг, аймаг, сумдуудад нэг ландшафтны архитекторч заавал байх ёстой гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ яг хэзээ ажил хэрэг болох нь тодорхойгүй л байна.

-Өндөр хөгжилтэй орнууд яагаад ландшафтыг чу­хал­чилж, дээгүүр тавь­даг юм бол?

-Суурьшмал соёл иргэнш­лийн нөлөөгөөр гадны ор­нуу­дад хэдэн зууны өмнө үүсчихсэн учраас амьдралын салшгүй ойлголт болоод төлөв­ш­чихсөн. Гадны зарим нэг судлаачид хүн төрөлхтөнд хамгийн анх үүссэн мэргэжлийн нэг нь архитектор л гэж үздэг юм шүү дээ.

-Тэгвэл одоо оргил үедээ оччихсон байх?

-Одоо барууны орнуудад ур­гам­лыг зүгээр тарих биш бүр янз бүрийн хэлбэр дүрс, тэр ч байтугай алдартнуудын хэлбэрт оруулан тарьж ба­римал­тай адил зүйлийг бий болгож байна. Энэ бол хэр зэрэг хөгжилтэй байгаа вэ гэдгийн нэг илрэл юм. Манайд бол хэцүү л дээ. Жилийн дөрвөн улиралтай. Зундаа гоё хийчихсэн байлаа гэхэд өвөл нь яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл манай­хан халуун орны цаг уурт зохицсон үрнүүдийг авч ирээд нөгөөдөх нь нэг зун сайхан ургадаг дараа жилээс нь хагдраад л унадаг шүү дээ. Тиймээс улирал болгонд зохиц­сон ургамлыг тарих нь зүй­тэй. Ер нь тухайн орны хөгжлийг харуулах гол үзүүлэлтийн нэг нь яах аргагүй ландшафт юм.

-Ландшафтад төрийн бод­­лого хэр зэрэг нө­лөөл­д­өг вэ?

-Нөлөөлж болно. Өмнөд Солонгос бүх нийтээрээ мод тарь­даг өдөртэй.  Хүн болгон тэр өдрөө ухам­сартайгаар мод тарьдаг байсан. Одоо бол Солонгосын ихэнх хувийг ногоон байгуу­ламж эзэлдэг болсон боло­хоор засгийн газраас нь энэ өд­рийг тэмдэглүүлэхээ болих шийдвэрийг гаргасан. Хятадад төрийн асар том бодлого үйлчилдэг. Хэрвээ төрийн албан хаагч мод тарихгүй бол торгож, цалингаас нь суутгадаг тог­тол­цоотой. Энгийн ардуу­дад хичнээн га газар ч хамаа­гүй мод тарих юм бол тэр газрыг нь иргэдэд үнэгүй олгодог юм. Хэрвээ заасан стандартнаас нь муу ургуулах юм бол буцаагаад тэр газрыг хурааж авдаг. Нэг га газрыг 15 хуваасны нэг дээр мод тарих юм бол 100 юанийг, ногоо таривал 50 юанийг олгодог тийм тогтолцоо үйлчилдэг. Манай ерөнхийлөгч өнгөрсөн жил нэг өдрийг мод тарьдаг өдөр болгосон. Энэ бол үнэхээр сайшаалтай хэрэг. Жил болгон зохиогоод байвал үр дүн нь харагдах байх. Энэ жил дүүргүүдэд нэлээн мөнгө төсөвлөсөн. Үүгээр ландшафтны ажил хийгдэх байх гэж найдья.

-Ногоон байгууламжийг л сайжруулаасай гээд байна, тийм үү?

 -Ландшафтыг дан ногоон байгууламж гэж ойлгож болох­гүй. Энэ бол зөөлөн ландшафтдаа ордог. Хатуу ландшафт гэж бас нэг ойлголт бий. Энэ төрөлд баримал, хөшөө дурсгал, гэрэлтүүлэг, явган хүний зам, бүр хогийн сав ч ландшафтны нэг төрөлд багтдаг юм.

-Төрийн бодлого сайн бай­лаа гээд өөрсдөө мэр­гэшээгүй нөхцөлд яах вэ?

-Мэргэшихийн тулд л төрийн бодлого хэрэгтэй шүү дээ. Ландшафтын анги нээгээд сургууль нээчих юм бол аяндаа хүмүүс мэргэшээд эхэлнэ.

-Монголд ландшафтаар мэр­гэшсэн, нэгтгэсэн бай­­гуул­лага, хүрээлэн байна уу?

-Ландшафтын хүрээлэн манай улсад байхгүй. Ха­рин анги бол нээсэн гэж дээр дурьдсан. Монголын хамгийн анхны ландшафтын архитекторч Цэдэн-Ишийн Мөнх­жаргал гэж хүн бий. Ландшафтын архи­тектурын холбоог бол са­наа нийлсэн нөхөдтэйгөө нийлж байгуулсан. Компаниуд, сурдаг оюутнууд зохион байгуулсан ажилд нь хамрагдаж оролцдог. Үүнээс гадна “Соёолж” компани ланд­шафтны холбоог саяхан нээсэн. Ланфшафтаар чигээ гаргаад яваагүй ч ногоон бай­гууламжаар дагнасан “Мөнх ногоон амьдрал” гэж ний­гэм­лэг бий. “Гарден сити” гэж ландшафтаар дагна­сан компани бий. Энэ бол ландшафтаар дагнасан Мон­голын анхны компани. Өмнө нь “Цэцэрлэгжилт” гэж компани байсан. Харин одоо энэ компани хувьд гарчихаад энэ талаар огт юм хийхгүй байна. Сүүлийн хоёр, гурван жилийн дотор ландшафтны компани нэлээд нэмэгдчихсэн.

-Ландшафтыг ойлгох­гүйгээс болоод ажилд чинь ямар нэгэн саад учрах тохиолдол бий юу?

-Нэлээд дээх нь үед хот байгуулалтын сайдтай уулзаж байсан л даа. Ландшафтны тухай “Өргөө” гэдэг нэвт­рүүлэг хийдэг байсан юм. Тэр хүн дээр ороод “Би танай харьяа болоод ландшафт болон хот төлөвлөлтөнд тулгамдаж байгаа бүх асуудлуудыг хөн­дөе. Энэ асуудлаас цаашдаа яаж гарах вэ гэсэн нэвтрүүлэг хийе. Нэвтрүүлэг гаргахад туслаач” гээд орсон л доо. Тэгэхэд тэр хүн “Чи дөрвөн улиралтай газар мод, зүлэг тариад яах гэж байгаа юм. Битүү асфальтлаад л болчихно шүү дээ. Тарих гээд байгаа наад модоо Туул голын эргээр л тарь. Нэвтрүүлэг чинь одоо хэрэггүй” гэсэн. Удирдлага нь ийм ойлголттой байхаар жирийн иргэд нь ямар байх вэ. Одоо болтол зарим нэг удирдлагууд ойлгодоггүй юм. Гэтэл жирийн иргэд ойлгодог. Нэг мод өөрийн ойр орчмын метр орчим газрын агаарыг цэвэршүүлдэг. Машины дуу шуугиан, азотын давхар ислийг мод тодорхой хэмжээгээр буулгаж чадна. Ердөө л энэ шүү дээ.

-Төрөөс болон ха­риуц­сан яамнаас ланд­шаф­таар мэргэшсэн бай­гуул­лагуудад ямар нэгэн дэмж­лэг туслалцаа, урам­шуулал байгаа юу?

-Санхүүжилт бол байхгүй. Хувь хүн болон албан байгуул­лагууд өөрсдийнхөө амьдарч, ажиллаж байгаа газрын гадна талыг тохижуулдаг шүү дээ. Чанартай сайн болсоныг нь Хотын захирагчийн ажлын албанаас 500 мянган төгрөгийн шагналыг олгодог. Мэргэшээд явж байгаа байгууллагуудыг төрөөс дэмжиж туслаад яв­сан юм одоохондоо алга. Ний нуугүй хэлэхэд бид бор зүрхээрээ л ажиллаж байгаа.

-Гэхдээ зарим ландшаф­тын компаниуд ажлаа маш муу хийдэг юм биш үү?

-Үнэхээр ийм асуудал болж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр ландшафтын салбар маань өөрөө шинэ салбар. Шинэ салбар учир тодорхой хэм­жээний мөнгө эргэлдэж байгаа. Энэ мөнгөнд нь та­таг­даж мэргэшээгүй хүмүүс ком­пани ихээр нээж байгаа юм. Үүнээс болоод та нар муу хийдэг гэсэн сэтгэхүй үүсэх гээд байна л даа. Гол нь мэргэжлийн компанид л хан­дах хэрэгтэй. Түүнээс биш бүх ландшафтны компани ажлаа муу хийдэг гэсэн үг биш.

-Уг нь гадны орнуудад нэг бай­шин босголоо гэ­хэд заавал ландшафт хий­сэн байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Ма­най улсад ийм зарчим байна уу?

-Барилга зохион байгуулал­тын дүрэмд заасан байдаг юм. Үүнийг зөрчөөд байна л даа. Яагаад зөрчөөд байна гэхээр барилга барьж байгаа компаниудад мөнгө олох гэсэн зорилгоор л барьж байгаа шүү дээ. Тиймээс гадна талбай хамаагүй болчихоод байгаа. Нэгэн том компанийн захирал барилгын зураг төсөл гаргаж байхад ногоон байгууламж, машины зогсоолын хэсэг газрыг шууд “Дахиад хоёр барилга барих зайнд хэрэггүй юм хийж болохгүй” гээд хасч байсныг би өөрийн нүдээр харж, чихээр сонссон. Энэ мэтчилэнгээр дүрмээ зөрчдөг. Хариуцлагын тогтолцоог хэн тоо­цох вэ гэдэг нь тодор­хойгүйгээс болоод энэ бүх зүйл гараад байгаа юм. Манайд хот төлөвлөлт гэж байдаггүй юм шүү дээ. Нийслэл хот маань таван удаа хот төлөвлөлт хийсэн түүхтэй. Төлөвлөлтийг ихэвчлэн оросууд гаргасан. Ардчилсан хувьсгал ялсанаас хойш япончуудтай хамтраад сүүлийн хот төлөвлөлтийг хйисэн. Газар олголт буруу, анхны бодлого нь алдагдсан болохоор дүрэм хэрэгжихгүй л дээ.

-Үндэсний цэцэрлэгт хү­рээ­лэнгийн ажил эхэл­чихсэн явж байгаа. Танай байгууллагаас зөвлөгөө авсан уу?

-Эхлээд бид нэг удаа хандсан. 900 гаран га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна гээд. Тэд нар ком­пани болгонд нэг, нэг га газар өгөөд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөөд ажлаа хий гэж байсан л даа. Зураг төслийн ажил дээр гацчихаад байгаа л даа. Хот төлөвлөлтийн хэлтэс дээр хийж байгаа сураг дуулдсан.

-Сүүлийн асуултыг таньд үлдээе?

-Төр засгаас ландшафт гэдэг зүйлийг ойлгож, тодорхой дэмжлэгийг үзүүлээсэй гэж бодож байна. Ландшафтны архитектурын салбарт норм, дүрэм байдаггүй юм. Энэ бол маш чухал асуудал. Барилгын дүрэмд ажлын болон эскиз зураг нь тэдэн төгрөг гэсэн норматив байдаг. Харин ландшафтны архитектурт ийм юм байдаггүй. Үүнээс болоод ландшафтны зураг төсөл гаргасан хүнд цалин хөлсийг нь өгөхгүй тохиолдол цөөнгүй гарсан байдаг. Энэ талаар хэрэг үүсгээд шүүхэд хандахад эрх зүйн дүрэм алга. Заасан норматив алга байна гээд авч хэлэлцдэггүй юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж