-ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон ажилчдын цалингийн 298 сая төгрөгийг нөхөн олох шаардлага тавьсан. Шаардлагын хариуг хэзээ өгөх вэ?
-Тэдний ирүүлсэн шаардлагатай танилцсан. 2011 оны төсөв дутуу байна гэх шаардлагыг судлаад үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс албан ёсны хариу өгөх гэж байна. Тэдний шаардлагын хариуд сайд гарын үсэг зурсан учир өнөөдөртөө хариуг нь өгнө. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хэзээ ч 71 хүний цалин дутахгүй, ШУА-ийн эрдэмтэн судлаач, ажилчдын цалин хангалттай байгаа.
-Тэдний шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж буйгаа тайлбарлахгүй юу?
-Төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэх журмаар нэмсэн. Үүнээс гадна цалин үргэлж хэлбэлзэж байдаг. ШУА 2010 оны цалингийн хэмнэлттэй байгаа. 2011 онд ч хэмнэлт гарч болно. Түүнээс биш автоматаар нэмж хасаад, бодоод гаргадаг зүйл биш юм. Жишээ нь, ажилтнуудын зарим нь гадаадад сурах, хүүхэд төрүүлэх, чөлөө авах гэх мэтээр цалин хэмнэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр хангалттай төсөв батлагдсан гэх хариулт өглөө.
Харин ШУА-ийн таван салбарт 2011 онд хэдэн төгрөг төсөвлөгдсөн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тавьсан шаардлага үндэслэлтэй эсэх асуудлаар БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Мөнхгэрэлээс тодрууллаа.
-ШУА-ийн салбар нэгжүүдэд өнгөрсөн онд хэдэн төгрөг төсөвлөж байсан бэ. Энэ жил хэдэн төгрөг болов?
-Өнгөрсөн онд улсын төсвөөс ШУА-ийн салбарт нийт 14.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 7.3 тэрбум төгрөгийг зөвхөн ажилчдын цалинд зарцуулна. Харин энэ онд төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдэж нийтдээ 18.6 тэрбум төсөвлөснөөс 9.1 тэрбум төгрөг цалинд зарцуулахаар тооцоолсон. Хүн бүрийн цалин 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл дөнгөж он гарч байхад цалин хүрэлцэхгүй гэх асуудал тавьж болохгүй л дээ. Хэрэв цалин дутвал нөхөн олгох боломжтой.
-ШУА-ийн эрдэмтэн судлаачдын дундаж цалин 350 мянган төгрөг гэж байсан. Энэ үндэслэлтэй тоо мөн үү?
-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээс хойш дундаж цалин ч бас өссөн. 350 гэдэг бас л үндэслэлгүй тоо байна. Өөрөөр хэлбэл 9.1 тэрбум төгрөгийг 2040 ажилтанд хуваахаар нэг хүн жилд дунджаар 4.4 сая төгрөгийн цалин авна. Энэ 4.4 сая төгрөгийг 12 сард хуваахаар нэг ажилтны дундаж цалин 374 мянга болж байгаа юм.
-Яамнаас өгсөн шаардлагын хариуг Үйлдвэрчний эвлэлийнхэн хүлээж авахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрэв ажилчдын цалин дутах юм бол бид арга хэмжээ авна. Гэхдээ цалин дутахгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Харин ШУА-ийн ажилчдын буруу зөрүү ойлголтыг засч залруулахын тулд салбар бүрийн нягтлантай уулзаж тулгалт хийж болно. Энэ асуудлыг бид ярилцаж байна гэв.
Харин ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд шаардлагын хариуг албан ёсоор ирүүлээгүй байгаа аж. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Т.Баяр “Шаардлагынхаа хариуг өөрсдөө албан ёсоор хүлээж авсны дараа тэмцлээ үргэлжлүүлэх эсэхээ шийднэ” гэлээ.