Хууль бусаар үр хөндүүлэх нь хүн амаа өсгөх бодлоготой зөрчилдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

Хууль бусаар үр хөндүүлэх нь хүн амаа өсгөх бодлоготой зөрчилдөж байна

Аваргуудын лигийн хоёр дахь өдөр тун сонирхолтой өрнөсөн юм. Олны таамаглаж байснаар Европын томоохон багууд хожигдол амссангүй.

2016 оны байдлаар үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн дүн юм. Статистик үзүүлэлт үр хөндөлт өсөх хандлагатай байгааг харуулж байна. Хүн амаа өсгөх бодлоготой зөрчилдөөд буй энэ мэт асуудалтай тууштай тэмцэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль бус үр хөндөлтийг бууруулах сарын аяныг орон даяар зарлаад байгаа юм. Энэ асуудлаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо сэдэвт сарын аяны хүрээнд  хууль бус үр хөндөлтийг таслан зогсоох зорилт тавин ажиллах болсноо танай байгууллагын зүгээс зарласан. Хийж буй ажлаасаа танилцуулахгүй юу?

-Сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар хууль бус үр хөндөлттэй тэмцэх, хор хөнөөлийг сурталчлах иргэдэд таниулах соён гэгээрүүлэх чиглэлээр гол ажлыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын төрөөс баримталж буй хүн амаа өсгөх бодлогыг дэмжих, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль бус үр хөндөлттэй тэмцэхээр энэхүү ажлыг эхлүүллээ.

-Эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд хэрхэн шалгалт хийж байна вэ? Анхаарах асуудал юу байна вэ? Нийтлэг алдаа дутагдал?

-Улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд эмчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм, биобэлдмэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Хамгийн гол нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан нөхцөлд эмчилгээний батлагдсан стандартын удирдамж, хуулийн хүрээнд эмнэлгүүд үр хөндөлтийг хийх ёстой байдаг. Хууль, стандартаар хориглосон үр хөндөлт  хийж буй эсэхийг тодруулах чиглэлд гол анхаарлаа хандуулна.

-Үр хөндөлтийг хэрхэн таслан зогсоох вэ. Яавал нийгэмд хор хөнөөлийг нь тайлбарлан таниулах вэ. Нэгэнт олдсон ургийг төрүүлэх эсвэл гэр бүл төлөвлөлтөө сайжруулах бүр цаашилбал хамгаалах хэрэгсэл зөв сонгон хэрэглэх гээд олон боломж харагддаг?

-Хууль бус үр хөндөлтийг таслан зогсооход төрийн нэгдсэн бодлоготой байж, эрүүл мэндийн байгууллагууд нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн сахин биелүүлдэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялангуяа нөхөн үржихүйн  эрүүл мэндийн боловсролыг охидууд, төрөх насны эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхэнд  сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг, иргэдийн түвшинд гэр бүлийн асуудлуудыг зөв төлөвлөх , жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг зөв хэрэглэх зэргээр төрөөс иргэн хүртэлх энэ асуудалд оролцогч бүх талуудын хичээл зүтгэл хамгийн чухал.

-Эмэгтэйчүүд үр хөндүүлж байгаа тэргүүлэх шалтгааныг нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн суурь мэдлэг тааруу байгаатай холбож ойлгох нь зөв үү.  Нөгөө талд нь хувь хүний ёс зүй, хариуцлага сул байгаатай холбон тайлбарладаг? Нийгмийн ядуу, дорой байдал ч бас нэрмээс болдог?

-Олон төрлийн шалтгаан байна. Тухайлбал хүсээгүй жирэмслэлт, нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрт жирэмслэлт.  Мэдээж эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, жирэмслэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд эмч нарын шийдвэрээр жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслаж болно. Онцгойлж хэлэхэд нэг эмчийн шийдвэрээр биш эмч нарын шийдвэрээр үр хөндөх асуудлыг шийдэхээр Эрүүл мэндийн тухай хуулинд тодорхой заасан байдаг.

-Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл?

-Эрүүл мэндийн статистикаас харахад үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18.0 хувь нь төрөөгүй ба анхны удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оноос 14 тохиолдлоор буюу 0.9 хувиар өссөн байна. Энэ мэдээллээс харахад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд үр хөндөлтийн дийлэнх хувийг эзлэж байгаа нь анхаарал татаж байна.

-Хориос доош насныхан үр хөндүүлж байгаа нь эрүүл мэндийн хичээлээр сурагчид хангалттай мэдлэг авахгүй байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэр бүлийн орчинд мөн анхаарал, зөвлөгөө дутмаг байх шиг байна. Энэ талаар?

-Манай байгууллагаас энэ оны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд сурагчдад эрүүл мэндийн хичээл оруулах тухай санал тавьсан. Эрүүл мэндийн хичээл нь энэ жилээс заавал үзэх хичээлээр сонгогдоод хөтөлбөрт ороод байна. Манай боловсролын чиглэлийн байцаагчид сургалтын хөтөлбөрт шаардлагатай мэдлэг мэдээллүүд оруулсан эсэх, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл хэр зэрэг орж байгаа тал дээр тандалт хийнэ. Эрүүл мэндийн хичээлийг өөр мэргэжлийн хичээлийн багш нар хавсран заадаг. Мэргэжлийн бус багш нар сурагчдад эрүүл мэндийн хичээлийн ойлголтыг бүрэн дүүрэн өгч чадаж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй. Иймд холбогдох байгууллагууд эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн боловсон хүчин, эрүүл ахуйч, эмч нараар заалгах асуудлыг бас л бодууштай санагддаг. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд чадлынхаа хэрээр онцгойлон анхаарах, харилцан ярилцах, сонсох, зөвлөх, туслах хэрэгтэй. Өөрсдөө хэлж өгч чаддаггүй юм бол энэ чиглэлийн эмч, эмнэлгийн байгууллагаас туслалцаа, дэмжлэг авч болно. 

-Хуулийн хүрээнд үр хөндөлтийг хаана, ямар эмнэлэгт хийдэг вэ?

-Эх барих, эмэгтэйчүүдийн ор бүхий, Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн 24 цагийн үйлчилгээтэй эмнэлгүүд хууль, стандартад заасан заалтын хүрээнд үр хөндөлт хийх ёстой. Харин эмэгтэйчүүдийн ямарч үүдэн эмнэлэгт үр хөндөлт хийх нь хуулиар хориотой бөгөөд үүнийг манай эмэгтэйчүүд сайн мэдэж байх хэрэгтэй.

-Эмнэлгүүдэд хийлгэж буй үр хөндөлтийн улмаас эхчүүд амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэр олон байна вэ?

-2016 онд үр хөндөлтийн хүндрэл 41 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Хүндрэлийн 29.3 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувийг умайн дайврын үрэвсэл, 4.9 хувийг умай цоорсон хүндрэл эзэлж байна.

-Эмнэлгээс гадна худалдааны төв, захууд дээр зарж буй үр зулбуулах эмэнд ямар хяналт тавьдаг вэ. Энэ төрлийн эмийн худалдааг бүрмөсөн зогсоохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Үр зулбуулах эм уугаад хүндэрсэн үедээ улсын эмнэлгүүдэд хандсан тохиолдлууд цөөнгүй байна. Эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь хүний гар дээрээс хууль бус, чанар, аюулгүй байдлын баталгаагүй эм худалдаж авсан гэсэн өгүүлэмжтэй ирдэг. Тэгэхээр үр зулбуулах эмийг зах зээлд эм худалдан борлуулах зөвшөөрөлгүй иргэд гар дээрээс зарж байна гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас, Цагдаагийн байгууллагатай хамтраад жил бүр шалгалтуудыг хийж үр зулбуулах эм худалдаалсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлж, эм худалдсан хүмүүст хуулийн байгууллагаар хариуцлага хүлээлгэсэн.  Гэвч эмийн далд худалдаа төдийлөн буурахгүй байсаар байна. Иймээс эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд гар дээрээс эм худалдаж авахгүй байхыг онцгой анхааруулж байна. Эмийн санд ч энэ эмийг худалдан борлуулах ёсгүй. Энэ эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналт дор хэрэглэх ёстой. Гэрийн нөхцөлд үр зулбуулах эм дур мэдэн хэрэглэснээр ээжүүд, эмэгтэйчүүд амь насаараа хохирох, эрүүл мэндээ эрсдэлд оруулах ноцтой аюул учирч байгаа нь статистикийн дүн мэдээнээс харагдаж байна.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийн оролцоотойгоор хууль бус үр хөндөлт, хууль бус эмийн худалдааг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд анхааран ажиллаж байна. Иргэн таны мэдээллийг (51)-264786, 1800-1286 утсаар шуурхай авахаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар фэйсбүүк хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна.

Ярилцсан Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж