Ө.Хэрлэнчимэгийг гүтгэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийг гүтгэсэн гэв

Мөрдөн байцаалтын шатнаас прокурорын  хяналт, хяналтын шатнаас  анхан шатны шүүх   хүртэл гурван жилийн нүүр үзэж өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй басхүү олон нийтэд хүлээлт   дагуулсан  нэгэн хэргийг өчигдөр  Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.00 цагаас эхлэн хэлэлцлээ. Уншигч олонд аль хэдийн танил болсон Ө.Хэрлэнчимэг нарын найман хүний хэргийн шүүх  хурлыг даргалж М.Алдар оролцсон бол улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Тунгаа, З.Хүрэлсүх, Г.Баярцэнгэл, Д.Саруул Г.Хурцбаяр Г.Энхтүвшин, Л.Мөнхтөр Г.Баярбат нар оролцлоо. Шүүх хурал хэдийгээр нээлттэй болно гэж байсан ч хурлын танхимын багтаамж тааруугаас сэтгүүлчдийг оролцуулах боломжгүй гэсэн шалтгаанаар хаалганы гадна үлдсэн юм. Шүүх хурлын мэтгэлцээн эхлэхийн өмнө  шүүгдэгч нарын өмгөөлөгчид улсын яллагч Ц.Насанбатаас татгалзах хүсэлтэй байгаа тухайгаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулжээ.  Тэдний зүгээс “ Яллагч Ц.Насанбат нь  хэргийг нэг талаас харсан, шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг хүлээж авдаггүй”  гэсэн үндэслэл гаргажээ. Харин уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд  уг хуралд улсын яллагч Ц.Насанбат хуулийн дагуу хэрэгт хяналт тавьж оролцох эрхтэй гэж үзснээр шүүх ажиллагааны мэтгэлцээн эхэлсэн юм.  Эхнээсээ ээдрээтэй олон зүйлээс  болж хэргийн гогцоо  тайлагдаагүй уг хэргийг хянан хэлэлцэж эхлэх үеэр  даргалагч шүүгч М.Алдар шүүгдэгч нараас нэг бүрчлэн асуулт тавьж хариулт авсан юм. Асуулт хариултын үеэр  шүүгдэгч Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах, Ж.Очмандах, Ү.Ганболд, Ю.Тэмүүжин, Д.Отгонжаргал, Н.Отгонтуяа нар энэ хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн. Тэр ч  бүү хэл зарим нэг нь бие биенийгээ танихгүй гэв. Тухайлбал К.Тэмүүжин нь шүүгдэгч Н.Отгонжаргал, Д.Сарантуяа нарыг танихгүй гэсэн бол  Д.Отгонтуяа нь К.Тэмүүжин, Ж.Очмандах нарыг танихгүй гэж мэдүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Хэрлэнчимэг, найз залуу Ж.Очмандахын хамт хэрэг гардаг өдөр буюу 2007 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө эмээгийндээ хоносон. Тухайн өдөр талийгаачтай бид уулзсан. Гэвч 17.00 цагийн үед  тэрбээр  хүнтэй уулзахаар явсан  гэлээ. Харин шүүгдэгч Д.Сарантуяа өмнөх шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн юм.  Тэрбээр “Хэрэг гарах үеэр талийгаачтай хамт байгаагүй, уг хэрэгт холбогдсон долоон хүнийг би гүтгэсэн” гэжээ. Өмнө нь буюу өнгөрсөн онд болсон шүүх хурлын үеэр  гэрч Д.Сарантуяа  нь “Хэрэг гардаг өдрийн 17.00 цагийн үед С.Гантуяа долоон буудлын “Суварга” гүүрний доор очиход Ө.Хэрлэнчимэг Ж.Очбадрах, Ж.Очмандах, Ү.Ганболд, Ю.Тэмүүжин, талийгаач нар хамт 2 шил архи уучихсан байсан. Тэр үеэр Ө.Хэрлэнчимэг найз залуутайгаа талийгаачийг хардаж, та хоёр явалддаг гэл үү, чиний энэ охиныг чинь алаад өгье гээд  талийгаачийг үсдэж унагаад  зодсон. Тэр үед Ж.Очбадрах “Чиний хүн алдаг гэж юу байдаг юм” гэтэл Ө.Хэрлэнчимэг даашинзны бүсээрээ талийгаачийн хоолойг боож унагасан. Тэгснээ “ Энэ хөдлөөд байна, хөл гарыг нь барихгүй бол та нарыг бас ална шүү”  гэж биднийг сүрдүүлэх үед би нэг хөлийг нь, Ү.Ганболд нэг гарыг нь С.Гантуяа нэг хөлийг нь барьсан. Удалгүй талийгаач амьсгал хураасан байсан л даа. Бид тэр үед маш их айсан. Гэтэл С.Гантуяа манай гэр ойрхон байна. Тиймээс цогсыг холдуулах хэрэгтэй гэснээр  бид Очбадрахын машинаар цогцсыг хогийн цэг дээр аваачиж хаясан” гэх мэдүүлгийг өгч байсан юм. Харин өчигдрийн шүүх хуралдааны үеэр “Энэ бол худал мэдүүлэг. Би дээрх долоон хүнийг гүтгэсэн. Миний өмнө нь ярьсан зүйл ор үндэсгүй” хэмээн мэдүүллээ. Өчигдөр 09.00 цагаас эхэлсэн шүүх хурлын мэтгэлцээн өдрийн 15.40 цагт 20 минут завсарласнаар үргэлжилсэн юм.  Асуулт хариултын үеэр шүүгдэгчдээс хэн ч хэргээ хүлээсэнгүй. Өмгөөлөгч нар нэг бүрчлэн асуулт, хариулт тавьж, хоёр удаа шүүх бүрэлдэхүүнд санал оруулснаар шүүх ажиллагаа үргэлжиллээ. Хохирогчийн талаас талийгаачийн эцэг Ц.Гончиг , түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцож байв
Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байв.
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж