ЗГ-ыг огцруулах шаардлагатай VS шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

VS

ЗГ-ыг огцруулах шаардлагатай VS шаардлагагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан. Харин уг асуудлыг өнөөдөр /2017.09.06/ УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Харин МАН-д үүсээд байгаа хагарал бутрал болоод Засгийн газрын асуудлаар тус намын гишүүд хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.

У.Хүрэлсүх
Шадар сайд

Би ч гэсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэхдээ тогтвортой байдал гэсэн нэрийн доор болж бүтэхгүй, шударга бус зүйлсийг хаацайлан хамгаална гэсэг үг биш.

Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

“Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаагаа тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа байдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Намын рейтинг, Засгийн газрын нэр хүнд 60 орчим хувиар навс унаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Энэ бүхнийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу.

Ийм учраас тогтвортой байдал гэдэг нэрийн доор тогтворгүй байдлыг хаацайлж, шударга ёсыг алдагдуулж байгаа сахилга хариуцлагагүй, эмх замбараагүй байдлыг таслан зогсоохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн гэж би ойлгож байна.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН

Н.Номтойбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Ганц нэг салбарын сайдуудын хувьд асуудал гаргахад нь хариуцлага тооцоод явцын дунд өөрчлөлт хийгээд явж байна. Энэ байдаг л зүйл. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхдөд халаа сэлгээ хийх ёстой. Чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлэх шаардлагатай.

Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш. Хүнийг ажиллуулна, үнэлэлт дүгнэлт өгнө. Болохгүй бол халаа сэлгээ хийнэ. Байдаг л процесс. Энэ асуудалд найз нөхөд, журмын нөхөр гээд танил тал тохой татсан байдлаар хэрхэвч хандаж болохгүй. 3.1 сая иргэнийхээ өмнө хөгжлийг цогцлоох асар том хариуцлагыг бий болгох үүрэг хүлээсэн. Асуудлаа бид шийдээд явж байна. Итгэл нь алдарсан гадна дотны хөрөнгө оруулагчид энэ засагт итгэх байдал эрс нэмэгдэж байна. Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ. Үнэхээр болохгүй байсан юм бол бид өөрсдөө сайн дураараа ажлаа өгөөд явж чадах хүмүүс. Харин болж, бүтэж байгаа зүйлийг нураах гээд байгаа бол бид хамгаална. Би халуун гал тогоонд нь байгаа хүн. 65 гишүүний нэг нь. Тиймээс гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой.

-Ямар наймаа гэж. Өнөөх л сайдын суудал уу?

-Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурснаасаа буцаж буй хүмүүс бас байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж