Аливаа улсын үндэсний аюулгүй байдлыг илэрхийлэх гол зүйл нь хүнсний хэрэглээ. Манай улс хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор буюу өмнөд хөршөөс авдаг гэсэн судалгаа бий. Үнэндээ бидний хэрэглэж буй гурил, махнаас бусад нь өмнөд хөршийнх гэхэд хилсдэхгүй. “Уг нь хоёр улсын гэрээнд импортын бүтээгдэхүүнийг тодорхой компаниудаас авч байхаар тусгасан. Гэтэл манай иргэд ченж болон хувь хүнээс бараа авч иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг. Ченж, хувь хүмүүсээс авсан бүтээгдэхүүн нь хятад улсын хяналтад ордоггүй хуурамч сертификаттай бүтээгдэхүүн байдаг” гэж НМХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Г.Цэндсүрэн хэлж байсан юм. Мөн тэрээр хэлэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын хил, гаалийн хяналт сайжирсан. Ямар гэрээг үндэслэж бүтээгдэхүүн оруулж ирж байна вэ гэдэгт тавих хяналт нь сайжирсан. Гэхдээ ганц нэг хууль бус үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй гэв.
Уг нь байнгын хянаж байх ёстой хүнсний аюулгүй байдал баярын үеэр ийнхүү идэвхижээд бусад цагт сураггүй болдог нь бас л хачирхалтай. Хууль, хяналтынхан ч бас л хүн. Тэд баярлахын тулд баярын өдрийг дөхүүлээд шалгах нь аргагүй шүү дээ гэх яриа ч нэгийг бодогдуулах шиг. Үр алга. Өмнө нь хуурамч, шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байсан. Одоо ч байна. Ирээдүйд ч байх нь бололтой. Бид ч баяраа тэмдэглэнэ. Баяр дагасан шалгалт ч эхэлнэ.
Шалгагчид маань үнэхээр ажлаа хийж чадахгүй байна уу эсвэл хараагүй дүр үзүүлж халаасаа зузаатгаад байна уу гэдгийг бодох л зүйлийн нэг болоод байна.