“Восточный” боомт боломжит хувилбарын нэг

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны ГАДААД АЙЛЧЛАЛ

“Восточный” боомт боломжит хувилбарын нэг

“Восточный” боомт боломжит хувилбарын нэг

ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр /2017.09.06/ эхэлж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

“Восточный” нь ОХУ-ын Алс Дорнодын бассейний гол боомтын нэг. ОХУ-даа хамгийн томд орох терминал бөгөөд нүүрс, чингэлэг, мод, ашигт малтмал, химийн ачаа, газрын тос зэрэг ачаа голлон тээвэрлэдэг. Номхон далайн бүсийн орнууд, тэр дундаа Өмнөд Солонгос, Япон, Хятадын зах зээлд хүрдэг гол замын нэг. Улаанбаатараас 4491 км зайд оршдог. Япон тэнгисийн Находкийн буланд Врангелийн хоолойд оршдог. 2017 оны эхний хагас жилийн байдлаар “Восточный” боомтоор 34,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Владивосток хотоос 200 гаруй км-ийн зайд орших энэхүү боомтын үйл ажиллагаатай танилцсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар, харин ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далайн болон голын тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар явлаа.

Монгол улс энэхүү боомтоор дамжуулан нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах сонирхолтой байгаа. ОХУ монголчуудын энэхүү саналыг “боломжит хувилбар” хэмээн үзэж байна. ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов “Монголчууд нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах шинэ гарцыг хайж байна. “Восточный” боомт бол боломжит хувилбарын нэг” хэмээн үзэж байгаагаа Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ. Албан эх сурвалжийн мэдээгээр ОХУ-ын тал “Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Газар өгнө гэдэг нь монголчууд өөрийн гэсэн терминаль байгуулна гэсэн үг юм. 

Мөн өнгөрсөн наймдугаар сараас хойш ОХУ-тай долоон жилийн турш хийж буй Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тарифын хэлэлцээр нааштайгаар өндөрлөх шатандаа орж байгаа нь хойд чиглэлээр нүүрс тээвэрлэх асуудлыг ажил болгоход ихээхэн ойртож буй хэрэг юм.

/Владивосток/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж