“Жи тайм”-аас урамшуулал хүртэгсэд цагдаад мэдүүлгээ өгнө үү?

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

“Жи тайм”-аас урамшуулал хүртэгсэд цагдаад мэдүүлгээ өгнө үү?

АНУ түүний Ойрхи Дорнодын холбоотнууд жил бүр Персийн буланд хээрийн сургууль хийдэг уламжлалтай.

-Арилжааны банкуудын гаргасан дансны хуулганаас харахад давхардсан тоогоор 2134 хүн урамшуулал авчээ. Эдгээр хүмүүсийн дотор 2-3 удаа, 4-5 удаа урамшуулал авч халаасаа түнтийлгэсэн нь цөөнгүй. Бүр 11 удаа урамшуулал хүртсэн хүн ч бий-

Маженов Марат нарт холбогдох эрүүгийн 201701000037 дугаартай хэргийг мөрдөн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. “Жи Тайм” нэрээр алдаршсан санхүүгийн пирамид үүсгэн олон мянган монголчуудыг хохироосон энэхүү хэргийг цагдаа нар нягтлан шалгаж эхэлснээс хойш даруй долоон сарыг үджээ. Энэ хооронд хохирогч иргэд болоод олон нийтийн зүгээс “Жи тайм”-ын хэрэг ямар шатандаа яваа бол, мөнгөө өсгөж амжаагүй иргэд мөнгөө буцаан авч чадах уу, тус сүлжээнээс мөнгөө өсгөж авсан хүмүүс хохирогч уу, хамтрагч уу гэсэн олон асуултад хариу хүлээн сууна. “Жи тайм”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь хохирогч, холбогдогч төдийгүй хамтрагч, хамсаатан олонтой. Хэргийг шийдүүлэхгүй удаашруулах сонирхлын улмаас цагдаагийн газарт мэдүүлэг өгөхгүй уллан сууж буй иргэдийн тоо зуу зуугаар тоологдож байна. Цагдаад мэдүүлэг өгөхгүй зугтаж буй хүмүүс нь ‘Жи тайм корпорейшн’ ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамрагдан урамшуулал хүртэгсэд. Тэд өөрсдийгөө хохирогч гэж үзэхгүй байж болох ч мөнгөө өсгөхийн тулд араасаа дагуулсан найз нөхөд, хамаатан садан, танил нөхдөө бодохгүй байгаа нь харамсалтай. Тус сүлжээнд нийтдээ 11 мянга гаруй иргэн нэгдэж, тэднээс цөөнгүй нь урамшуулал хүртэж, мөнгөө өсгөөд амжжээ. “Жи тайм“ сүлжээний Фаст, үндсэн гараа, VIP гараа, хуримтлалын /автомашины/ хөтөлбөрт багтан хэд хэдэн удаа урамшуулал хүртэж, анх элссэн мөнгөө хэд дахин нугалж авсан нь ч бий. Арилжааны банкуудын гаргасан дансны хуулганаас харахад давхардсан тоогоор 2134 хүн урамшуулал авчээ. Эдгээр хүмүүсийн дотор 2-3 удаа, 4-5 удаа урамшуулал авч халаасаа түнтийлгэсэн нь цөөнгүй. Бүр 11 удаа урамшуулал хүртсэн хүн ч бий. Авирмэдийн Отгонжаргал /ГЖ81120601/, Гомбосүрэн Цэцэгмаа / ГЭ57112503/ Цэеэгийн Оюумаа /ЧМ60072020/ нар зургаан удаа, Бурмаагийн Март /ЧР70123102/, Баярхүүгийн Анхцэцэг /ШВ80021663/ нар долоон удаа, Нямхандын Алтансувд / РД76010306/, Түвшинжаргалын Оюунцэцэг /УЦ77073001/ нар найман удаа, Ганбатын Хандаацог /УЮ92121801/ 11 удаагийн урамшуулал хүртсэнийг доорх хүснэгтээс харж болно. 

2016 оны арваннэгдүгээр сард Монголд гараанаас гарч, гадаад худалдаа хийх зөвшөөрөл авсан ‘Жи тайм корпорейшн’ ХХК-ийн ажиллагааг гэрлийн хурдтай зүйрлэмээр. Учир нь тус компанийн “но”-той, “ноц”-той үйлдэл 2017 оны хоёрдугаар сард илэрсэн. Хоёр оны босгон дээрээс эрчимжсэн сүлжээний бизнесийн хүрээ 3-4 сарын дотор 10 гаруй мянган хүнээр хүрээгээ тэлжээ. Тус сүлжээ хуримтлал, үндсэн, VIP, автомашины гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хамгийн багадаа 75 мянган төгрөгөөр уг сүлжээнд элсдэг. 942 ам.доллараар элсэж, буцаагаад 8000 ам.доллар авах боломжтой хэмээн ухуулж байсан билээ. Монголчуудын олноороо хошуурсан нь хөтөлбөр нь VIP. 2.3 сая төгрөгөөр элсээд богино хугацаанд хэд нугалан өсгөх боломжтой гэж ойлгосноос тэр. Харамсалтай нь уг сүлжээ хүн бүрийг баяжуулсангүй. Сүлжээний толгойд байсан цөөхөн хэдхэн хүн мөнгө хүүлээд, ихэнх нь мөнгөө арвижуулах битгий хэл, элсэхдээ өгсөн мөнгөө ч буцааж авч чадахгүй үлдсэнийг дээрх хүснэгт харуулж байна. 

“Жи тайм”-д түрүүлж элсээд жим татагсдыг хохирогч бус хариуцагч гэж харж болохоор. Учир нь тэд Казакстанаас луйврын сүлжээ оруулж ирэгсэдтэй нийлж, ойр дотнын хүмүүсээ хууран мэхэлсэн. Нэг удаа мөнгөө өсгөхийн тулд араасаа 31 хүн элсүүлэх шаардлагатай байдаг. 30 гаруй хүнийг итгүүлж элсүүлснийхээ шанд 20 сая төгрөгийг хэд хэдэн удаа халаасалчихаад цагдаа, шүүхээс зугтаж байгаа хүмүүсээс болж “Жи тайм”-ын хэрэг удааширсаар байна. ‘Жи тайм корпорейшн ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт элсэж урамшуулал авсан нэр бүхий иргэдийг 2017 оны есдүгээр сарын 20-ны дотор тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 202, 203 тоот өрөөнд мөнгө хүлээн авсан дансны дугаараа тодруулан хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө үү” гэсэн зарыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс гаргаад байна. Ямартаа л зар тавьж, урьж залахдаа тулах билээ. 

Сэжигтэн Маженов Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байдаг. Хожим нь тавдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан ч одоо үргэлжлүүлэн шалгасан хэвээр. Түүнтэй ханьсаж үгсэн залилангийн хэрэг хийсэн гэх хэрэгт хэд хэдэн монгол иргэн шалгагдаж байгаа. Хэргийг шалгаж эхлэх үед тус компанийн дансанд хэдий хэрийн мөнгө байсан, түүнийг хэрхэн хуваарилах, хохирогчдын төлбөрийг буцааж олгохдоо ямар зарчим баримтлах зэрэгт тайлбар өгөхгүй гэдгээ албан эх сурвалж мэдэгдэж байна. Учир нь хэргийг мөрдөн шалгаж дуусаагүй байгаа. Шалгаж дуусгаад цагдаа нар прокурорт шилжүүлэх бөгөөд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр “Жи тайм”-ын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаагийн учир урамшуулал хүртсэн хүмүүс уллаж хойш суусаар байгаатай холбоотой. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр тооцох хариуцлага нь нэмэгдэж байгаа гэдгийг дуулгаарай гэсэн шүү. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж