Диплом үйлдвэрлэхээ зогсооё

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Диплом үйлдвэрлэхээ зогсооё

Хачин юм шүү. Бид хүний хоолноос хумсалсан нэгнийг өрөвддөг хэрнээ хог түүж амьдралаа залгуулдаг иргэдийг ажилгүй арчаагүй гэж ярьдаг. Гэтэл дөрвөн жил их сургуульд эцэг, эхийнхээ хөлс, хүчийг шавхан байж диплом өвөртөлсөн ажилгүй залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын байдлаар 40,6 мянга болж   2,2 хувиар буюу 863 хүнээр нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан байна. Эдгээрээс өмнө нь ажил эрхэлж байсан 52,6 хувь, 47,4 хувь нь өмнө нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй бөгөөд анх удаа Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд бүртгүүлж байгаа гэсэн байна. Энэ жил шинээр тус төвд 57,7 мянган иргэн бүртгүүлсэн байна.

Манай улсад 160 гаруй их, дээд сургууль бий. Өнгөрсөн онд 44 мянган  сурагч дунд сургууль төгсчээ. Эдгээр сурагчдын 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэн орсон.  Нэг жилд дунджаар ийм тооны суралцагчид элсэж байна гэхээр мөн тооны ажилчид төгсч байна гэсэн үг. Гэтэл манайд энэ их цагаан захтнуудыг багтаах ажлын байр байхгүй. Тиймээс ч дипломтой ажилгүйчүүд лааз өшиглөн өдөр хоногийг аргацаан сэлгүүцэж явааг дараах тоо харуулна.

МУИС-ийн  төгсөгчдийн 56,6 хувь нь ажлын байртай болж,  43 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлээгүй төгсөгчдийн 23,8 хувь нь магистрантурт болон өөр чиглэлээр суралцаж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Мэргэжлээрээ 50 хувь нь ажиллаж байхад харин үлдсэн нь зөөгч, худалдагч болж, түүнээс татгалзсан нь эцэг, эхийнхээ халаасыг дахин хоослон суралцаж байна.

Ер нь энэ диплом гээч эрээн цаас тийм үнэтэй зүйл үү. Шал угааж, худалдагч хийхэд зайлшгүй шаардлагатай хэрэг үү. Юуны төлөө үүнийг авахыг бүгдээрээ хүснэ вэ. Их, дээд сургуулийн нэг жилийн дундаж төлбөр 800 мянга гэж бодохоор дөрвөн жилд 3,2 сая төгрөг. Зөвхөн нэг оюутны дөрвөн жилийн төлбөр ийм хэмжээтэй. Урсгал зардлыг тооцвол энэ тоо 5 сая хол гарна. Ийм их зардал гаргаж дээд сургууль төгсч, диплом өвөртөлсөн ч эх орны хишгээс өөр орлогогүй хоног тоолон суугаа олон залуус байгаа. Үүнийг батлан Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв /ХХҮТ/-д бүртгэлтэй 23 настай эмэгтэй ярилаа. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй. “Ажил үнэхээр олдохгүй байна. Би их олон газарт очиж анкет бөглөсөн. Бүгд л одоогоор ажлын байр байхгүй. Ажил гарвал утсаар эргээд холбогдоё гэдэг. Надад эх орны хишгээс өөр орлого алга. Дөрвөн жил сурчихаад ээж ааваасаа мөнгө нэхэхэд хэцүү байна” гэж халаглана. Энэ мэтчилэн олон залуус байгаа гэдгийг ХХҮХ-т бүртгүүлсэн хүмүүсээс харж болно. Азаар энэ сараас эхлэн эх орны хишгээ хүртэнэ. Сар бүр 21 мянган төгрөг. Түүгээр тэд амь зогооно. Зарим нь бүр баардчихаад, эрүүлжүүлэгдэж эжий ааваа зовооно.

Харин хятад залуус манайхны гутлыг хийж байна. Манайх гутлын үйлдвэргүй. Байснаа дампууруулсан. Байлаа гэхэд тэндээс ээж, аавынхаа мөнгөөр гутал авч гангарна уу гэхээс ажилд орж  “доошоо орох” залуу байхгүй. Манжийн хаад шиг ямбатай гэж жигтэйхэн, бидний үе. Төр нь ч хятадууд шиг “Эх оронтой хүмүүс. Эх орныхоо хишгийг хүртээд халамжаа хүрт. Ажиллах хэрэггүй ээ. Сургуульд сур” гэсэн шиг ажил хийгээгүйнх нь төлөө халамжилж, ажил хийснийг нь татвараар дарамтлан сөхрүүлнэ. ХХҮТ-д бүртгэлтэй иргэдийн  57,1 хувь нь 16-34 насны залуучууд гэсэн судалгаа бий. Ажил хийх эрмэлзэлтэй иргэд их байгаа ч ажлын байр хомс байдаг учраас ажилгүйчүүд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь ядууралд өртөх бас нэгэн шалтгаан болж байна. Үнэнийг хэлэхэд хог түүж яваа ч гэсэн өдөрийнхөө хоолны мөнгийг олж байгаа иргэд дипломтой худалдагч болсон залуучуудаас илүү дээр амьдрах ухаантай байна. Жилдээ 30-40 мянган диплом үйлдвэрлэхээ зогсооё.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж