МУИС-ийн 75 жилийн ой энэ жил тохиож буй. Тус сургууль ойн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа билээ. Тэгвэл дээрх ажлын хүрээнд өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээний санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун болон Тамгын газрын дарга Ш.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Уг санамж бичигт талууд хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон суралцагчдын практик сургалт, судалгааны ажлын орчинг бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг ажлыг хийхээр тусгажээ.
Эх сурвалж: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар