Уриалга ч гэх үү, эсвэл сануулга ч юм уу сар шинийн баяраар монгол дээлээ өмсч, “Монголд үйлдвэрлэв”-ийг хэрэглэхийг олон нийтэд бас олон нийтийн зүгээс зарлах боллоо. Монгол хувцасаараа гоёж, монгол бүтээгдэхүүнээ хэрэглэж, монгол нь монголоо дэмжмээр л байна. Уг нь болохгүй нь юу байх билээ. Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэж, Эрээний бараанаас татгалзахыг эсэргүүцэх монгол хүн яаж ч бодсон байхгүй. Гэхдээ даанч болохгүй нь. Эх орны гэх бүтээгдэхүүн Эрээний импортын бараанаас хэд дахин өндөр үнэтэй болохоор иргэд хэтэвчинд байгаа хэддээ захирагдаж таарна. Эх орны хишгийн дээж Эрээн руу урсах нь ч маргаангүй.
Сар шинийн баярыг тохиолдуулан Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” дээр зохион байгуулав. Үзэсгэлэн яармагийн гол санаа нь үйлдвэрлэгчдээ дэмжих. Зохион байгуулагчдын хувьд үйлдвэрлэгчдээс 500 мянгаас сая гаруй төгрөг хөнгөхөөн халаасалсныхаа төлөө энэхүү үзэсгэлэнг гаргаж буй агаад энэ нь гол зорилгодоо дүйцдэгсэн бол ч яамай гэхсэн. Яармаг худалдааны нээлтэд оролцсон Ерөнхий сайд, салбарын “толгойлогч” нь жижүүрийн хэдэн үгээр үгийн мялаалга төдийхөн хэлээд өнгөрснийг эс тооцвол “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг төрөөс зохион байгуулж байгаа гэхэд хэцүүхэн санагдсан. Үнэндээ үйлдвэрлэгчдэд амжилт энэ тэр гэсэн нялуун үг, худлаа саймширлаас илүү бодит үр дүн хэрэглэгчдэд бодит хямдрал чухал байлаа.
Дахиал л даанч хэмээн толгой сэгсрэх болсны учир нь мөнөөх эдийн засгийн тогтолцоо, шударга бус өрсөлдөөн, үйлдвэрлэгчдэд учрах зовлон, төрийн аппаратынхны дарамт шалгалт, татварын болон зээлийн хүндрэл, улстөрөөс шалгаалах эдийн засгийн бодлогуудад оршиж буй юм. Монголын эдийн засаг бол улстөрийнхөө шууд хараат, үйлдвэрлэгчид нь улстөрчдийнхөө халаасан дотор амьдардаг. Тиймдээ ч улстөрийн бодлого, зах зээлийн тогтворгүй орчин хил гаалийн татвар, авлига хээл хахууль “Монголд үйлдвэрлэв”-ийн өртгөнд шингэж, эцсийн бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй тусдаг. Энэ нь худалдан авалтад сөргөөр нөлөөлдөг нь худлаа биш. Тэгэхээр хэрэглэгчдийн сонголт эх орны бүтээгдэхүүн биш Эрээний бараа байхаас ч яах билээ.
Хятад бол том гүрэн. Эдийн засаг нь агуу, зах зээл нь “акул” учраас бараа нь хямдхан байх нь зүйн хэрэг. Харин Монголын эдийн засаг нь хямралтай, зах зээл нь жижигхээн болохоор үнэд сөргөөр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй ч үйлдвэрлэлээ дэмжих үндэсний арга зам бол үнийг буруулах. Өөрсдийнхөө худалдан авагчдыг татахын тулд үнэ нь Эрээний бараанаас ихгүй байж гэмээнэ “Монгол үйлдвэрлэв” эрэлттэй иргэдэд хэрэгтэй бүтээгдэхүүн байж чадах юм. “Монгол үйлдвэрлэв”-ийг худалдан аваач хэмээн иргэдэдээ сануулахаас илүү ийм боломжийг төрөөс үйлдвэрлэгчдэд олгож, зээлийн хүүг буруулах, эрэлт хэрэгцээг нь сайжруулах, татварын таатай орчинг бүрдүүлэх, түүхий эдийн өсөлтийг хязгаарлах, техник хэрэгслээр нь хангах нь чухал болжээ. Хамгийн хачирхалтай нь эдийн засгийн бодлого нь худалдааны болон үйлдвэрлэлийн салбарт яг ижилхэн үйлчилдэг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад харьяалагддаг ч угтаа тэс өөр салбарууд шүү дээ. Нэг нь бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бусдад зарах, дамжуулдаг бол нөгөө нь түүхий эдээ боловсруулах, үйлдвэрлэл эрхлэх, худалдах гээд олон шат дамжлагыг туулдаг. Энэ олон шат дамжлага бүрт ажиллах мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгслийг шаарддагаараа худалдааны салбараас хавьгүй их зардал үйлдвэрлэлийн салбарт шаардагддаг.
Бид бусдаас доройдоо Эрээнийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш. Эрх баригчдын бодлого нь сохор, эх орны бүтээгдэхүүн нь эрэлт багатай, үнэтэй, хийц муутай болохоор Эрээний бараа монголчуудын хэрэглээг хангаад байгаа хэрэг.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр төрөөс тэрбум тэрбумаар нь зарцуулж буй. Гэхдээ бас л үр дүн нь хангалтгүй. Жалга дов бүрийн оймс гутал оёгчдод тарааж буй 30 тэрбум том ажил хэрэгжүүлж болно. Өөрөөр хэлбэл, жижиг үйлдвэрүүдийг нэгтгэх, дунд үйлдвэрүүдийг томсгох бодлого барьж гэмээн “Монголд үйлдвэрлэв” монголчуудын сонголт байх болов уу. “Монголд үйлдвэрлэв”-ийг авмаар л байна, даанч…