Тавантолгойн таван тайлал

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн таван тайлал


Тавантолгойн тухай иш мухаргүй гэмээр дэг­дээд байгаа мэдээллүүдэд хариу өгөхөөр Шадар сайд Н.Алтанхуяг “хэргийн эзэд” болох Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Энэ­бишийг байлцуулан сэтгүүлчидтэй уулзав. Тэгэхдээ ямар нэгэн шоу арга хэмжээ биш учраас камер тэргүүтнийг байлцуулалгүй зүгээр л сэтгүүлчдэд ойлголт өгөхөөр мэдээл­лүүдийг ярилцаатхая гэсэн гэж онцолж байв. Сүүлийн үед Тавантолгойн асуудлаар учир нь олдохгүй хярамцаг шиг мэдээлэл тархаад байгаа ч хэлэх үү, учрыг тайлбарлах ёстой эрхмүүд нь амаа үдүүлсэн юм шиг таг. Дээрээс нь Тавантолгой гэхээр л байсхийгээд л үнэн худал нь мэдэгдэхгүй дуулиан дэгддэгийг хэлэх үү? Хамгийн сүүлийн үеийн дуулианаас эхлэхэд “Эрдэнэс Монгол”-ын охин “Эрдэнэс Тавантолгой” улсын бүртгэлгүй гээтэхсэн. Харин ТӨХ-ны дарга аргаа бараад гэрчилгээгээ өмнөө пайз шиг барьж байгаад үүнийг няцаав. Гэрчилгээ нь өмнө хэлж байсан ёсоор 2010 арванхоёрдугаар сарын 23-наар огноологдсон байна лээ.  
 
Гүйцэтгэх захирал яасан? –Хэдийгээр сүр дуулиантай тендер зарлаж Австрали гаралтай эрхмийг сонгосон ч цалин хөлсөн дээр тохиролцоогүйгээс гэрээ байгуулахгүй дээрээ тулаад байгаа гэсэн. Үүнийг Н.Алтанхуяг сайд “Цалингаас гадна бас тэр хүн эх орноосоо ирж буцах зардал, бусад хангамж энэ тэр гээд юм юм л байдаг байлгүй дээ” гэх маягаар төсөөлүүлэн тайлбарлахыг оролдов. Д.Сугар даргын хэлснээр бол цалингийн асуудал байгаа нь байгаа, гэхдээ одоогоор аль нэг тийш шийдчихсэн асуудал үгүй, гэрээ хэлэлцээр хийж байгаа л гэв. Тиймээс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудыг хавсран хашиж байна.

Өрөм үү, хусам уу? -Иргэний хөдөлгөө­нийн­хөн хамаг өрөм тосоо харийнханд өгөөд, өөрсдөө хусамтай хоцрох нь гэдэг. Үү­нийг Цанх хэмээх гол ордын хоёр хэсгээр тайл­барладаг. Зүүн Цанх буюу хамгийн сайн суд­лагдсан коксжих нүүрс ихтэй /1078 сая тонн нөөц тогтоогдоод байгаагаас 78 хувь коксжих нүүрс/ хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо явуулахаар одоогоор уурхайн амаа байгуулж, хөрс хуулалтаа эхэлсэн. Харин хөрөнгө оруулагч шалгаруулах гэж байгаа Баруун Цанх нь 1204 сая тонн буюу нөөцөөрөө арай илүү мэт боловч үүний 65 хувь нь коксжих нүүрс. Дээрээс нь газрын үе нугачаа ихтэй олборлох зардал нь их гарахаар байгаа. Харин ч бид гадаадынханд хатуухан “шаантаг”-тай зууралдуулаад, өөрсдөө өрмөө хамна аа гэж байна. Гэхдээ гадаадынхан хөрөнгөө оруулаад олборлолтоо хийсэн ч төр эндээс хувиа авч л байх учраас санаа зоволтгүй гэж байгаа юм. 

Зүүн Цанх бол Тавантолгойн зүрх нь гэж Б.Энэбиш захирал ам бардам хэлж байна. Дашрамд сануулахад дуулиан тарьдаг жижиг Тавантолгой гэгддэг “Ажнай” компани болон орон нутгийн оролцоотой Тавантолгой транс” болон “Дайчику” компанийн орд Зүүн, Баруун Цанхийн гол дунд нь хавчуулагдсан мэт байдаг. Мөн ордын “сэжүүр” хэсэгт “Энержи ресурс” компани Ухаа худагийн ордод олборлолт хийж байгаа билээ.   

Хөрөнгө оруулагч-олборлогч? Зүүн, Баруун Цанхи гээд ярихаар хөрөнгө оруулагч, олборлогчийн гэж толгой эргүүлсэн хоёр тендерийн ялгааг харахад хялбар болно. Товчхондоо Зүүн Цанхид олборлогч буюу нүүрсийг нь хүрздэж өгөх “хүн”-ийг шалгаруулах тендерийн санал авах хугацаа энэ нэгдүгээр сарын 24-нд, харин Баруун Цанхид хөрөнгө оруулалт хийх хугацаа 27-нд дуусна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын тендерийн хувьд урьдчилсан саналыг л авч байгаа. Саналаа авсны дараа уртаас урт гэрээ хэлэлцээр хийгдэнэ гэнэ. Нөгөө л ямар урьдчилгаатай байх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэх мэт асуудлуудыг ярилцана гэсэн үг шүү дээ. Энд харин “но” орох вий гэж манайхан их айж байгаа. Хардлаг илүүдэх биш дээ, ялангуяа монголчуудын хувь заяаг шийднэ гэж байгаа ийм асуудал дээр.

Хамгийн эцэст нь танд, надад хамгийн хэрэгтэй бөгөөд сонирхож байгаа мэдээллийг хүргэхэд Тавантолгойн ордын хувьцааны 10 хувийг иргэддээ тараана гэж Засгийн газар амлачихсан байгаа. Үүнд иргэн бүрт дунджаар 550 хувьцаа ногдох бололтой. Харин 30 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдана. Ингэснээр 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татвараа төлж байгаа үндэсний компани бүрт 30 мянган хувьцаа ногдох бололтой. Одоогоор хувьцааны нэрлэсэн үнийг зарлахгүй байгаа. Тогтоож чадахгүй байгаадаа ч биш, өөр учир шалтгаан байгаа гэсэн. Бас хувьцааг олон улсын зах зээл дээр Монгол IPO гаргах хүртэл худалдан борлуулах боломжтой юу үгүй юу гэдэг асуудал одоохондоо бас шийдэгдээгүй байгаа. Энэ мэтчилэн бас шийдлээ хүлээж байгаа асуудлууд олон. Шийдэгдэх хүртлээ уртын урт зам туулахгүй байх болтугай.  

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж