Лхүмбийн хэрэг гэдэг шиг зохиомол зүйл гаргаж ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Лхүмбийн хэрэг гэдэг шиг зохиомол зүйл гаргаж ирлээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх та дөрвийн намын даргадаа хандаж бичсэн ил захидлыг албан тушаалын шантааж гэж тайлбарлаж, эсрэг тэмцэхээ илэрхийлээд байна. Та үүнд ямар тайлбар өгөх бэ?

-Бидний тавьсан асуудал тэр хүний ярьж байгаа хоёрын хооронд мөн ч хол зөрүү байна даа. Юу нь болохгүй болчихоод, эмзэглээд байгаа юм. Намын нэгдмэл байр суурийг илэрхийлсэн асуудал. Тэгээд хагалж, бутаргах нь зөв байгаа юм уу. Уг нь намын даргад хандаж тавьсан асуудал юм. Гэтэл дундуур нь орж, ирэн тэвчээр алдаж, өөрийгөө шатаасандаа бидэнд уурлаад яах вэ дээ. Ярианаас нь харахад “Лхүмбийн хэрэг” гэдэг шиг шантаажийн хэрэг гэдэг зохиомол зүйл гаргаж ирээд дайрах нь. Жинхэнэ дарангуйллын зан авир гэж үүнийг л хэлэх байх. Гэхдээ одоогийн ардчилсан нийгэмд санасан ч сачий нь хүрэхгүй. Би өнөөдөр дуу орж байгаа бол тэгж харагдах. Эхнээсээ л өөрийн гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Байнгын хорооны дарга байхдаа ч хариуцлага алдсан сайдыг огцруулна гээд явж л байлаа. Хэзээ ч, хаана ч очсон би байр сууриа өөрчилж байсангүй. Надад байгаа хамгийн том албан тушаал бол нутгийнхны минь хайрласан УИХ-ын гишүүн хангалттай.

-Танд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж байна, ирэх 2012 оны сонгуульд У.Хүрэлсүх дарга?

-УИХ-ын 2012 оны сонгууль болтол зай ч байна лай ч байна. Тэгээд ч УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос нам сонгодоггүй.

-Та ингэхэд яагаад бүлгийн хуралдаандаа хоёр сар суугаагүй юм бэ. Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суудаггүй, мөн тойрогтоо ажилладаггүй  гэх юм?

-Бүлгийн хуралдаандаа суух уу, үгүй юу гэдгийг нам хянадаг цаг өнгөрчихсөн шүү дээ. Харин байнгын хорооны хуралдаандаа сууж байна уу, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна уу гэдгийг ард түмэн угаасаа өөрсдөө харж байгаа. Тойрогтоо ажилладаг уу, ажилладаггүй юу гэдгийг сонгогчид маань хамгийн сайн мэднэ.

-Та хамгийн сүүлд тойрогтоо хэдийд ажилласан бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр удаа, шинэ он гаргаад мөн нэг удаа тойрог руугаа явж ажилласан. Хамгийн сүүлд Рашаант, Тариалан, Баянзүрх, Их-Уул зэрэг зургаан суманд ажилласан юм байна.

 -Та халширч байна уу?

-Миний хувьд ард иргэдийнхээ төлөөлөл болж, мандатыг нь авсан хүн. Тэдний захиж, хэлж байгааг илэрхийлж чадахгүй юм бол гутамшиг гэж бодогдож байгаагаас өөр эмээх зүйл алга. Миний тухай хар баримттай алга дарам цаас ч олдохгүй. Тйимээс надыг дарамталж чадахгүй. Ер нь эргэх нэг өдөр байдгийг Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын түүх үгүйлнэ дээ. Өлийн даваан дээр уулзалдаж л таарна.

-Таныг Энхбаярын хүн гэсэн байсан?

-За, хэн нь Н.Энхбаярын хүн байсныг бүгд л мэднэ шүү дээ. Наадхи чинь хариулт нь тодорхой зүйл. Би нэг сайд байсан бол одоо тэгж хэлбэл хүн итгэхсэн.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж