- “Харви” шуурганы хохирлын урьдчилсан дүгнэлт гарч, 30 тэрбум (ДНБ-ний 0,16%) ам. доллар хүрч магадгүйг тогтоожээ.
- Гэтэл ‘Харви’ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0,2 хувиар бууруулаад дараа нь түүнээс ч илүү хувиар нэмэгдүүлнэ гэж арим эдийн засагч таамаглажээ.
Өнгөрсөн долоо хоногт Goldman ба JPM хоёр байгууллага эсрэг тэсрэг дүгнэлтийг гаргалаа. Goldman банк нь Хьюстоны гамшиг III улиралд ДНБ-нийг 0,2 хувиар унагана гэлээ. Харин JPMorgan шуурганы нөлөө нь ‘ III ба IV улирлуудад ДНБ-ний өсөлтөд нааштай нөлөө” үзүүлнэ гэв.
Эндээс Уолл-стрит сүүлийн 10 жилийн дотор Америкийн дөрөв дэх том хотыг хэлмэгдүүлсэн шуурганы үр дагаврыг тооцож, тэр нь АНУ-ын ДНБ-ний үйлдвэрлэлд ашигтайгаар нөлөөлнө гэж гаргаад байна вэ, ямар үндэслэлээр энэ хоёр хөрөнгө оруулалтын банк ийм эсрэг тэсрэг үнэлгээг гаргав аа гэж уншигч та асуух гэж байна уу. Хариултыг хамтдаа хайя.
Goldman банк:
Урьдчилсан тооцоогоор шуурганы нийт хохирлын хэмжээ нь $30 тэрбум ам.доллар (ДНБ-ний 0,16 хувь) хүрч магадгүй. Энэ үзүүлэлтэд тодорхойгүй зүйл их, үнэлгээ нь 10-100 тэрбум гэсэн хэлбэлзлийн хооронд байгаа.
Хэрэв энэ мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдож, хохирол 30 тэрбумыг давбал, ‘Харви’ шуурга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших ес дэх том гамшиг болон тэмдэглэгдэнэ. 2012 оны ‘Сэнди’ шуурганы хохирлын 40 хувьтай, 2005 оны ‘Катрина’ шуурганы гарз хохирлын 15 хувьтай тэнцэх юм.
Goldman банк гамшгийн дараах ДНБ-д үзүүлсэн нөлөөг харахаас гадна эдийн засгийн бусад нөхцөл байдал, жижиглэнгийн худалдаа, аж үйлдвэрлэл ба барилгын салбарын идэвхийг бас тооцож үзжээ. Урьд өмнөх шуурганы дараа ажлын байраа алдсаны нөхөн олговрын өргөдөл эрс нэмэгдэж байжээ. “Сэнди” шуурганы дараах долоо хоногт тийм өргөдлийн тоо 80 мянга дараагийн долоо хонгуудад хүрээд аажмаар буурсан юм.
“Харви” ч ялгаагүй олон хүнийг ажлын байрнаас нь салгаж мэдэх юм. Мөн найм ба есдүгээр сарын жижиглэнгийн худалдаа, аж үйлдвэрлэл, орон сууцны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. Доорх графикт ‘Катрина’ ба ‘Сэнди’ шуурганы дараах эдийн засгийн дөрвөн үндсэн үзүүлэлт тусгагджээ. Шуурга гарсан сардаа жижиглэнгийн наймаа, барилгын болон үйлдвэрлэлийн салбарын зарлага багасдаг. Харин дараагийн 2-4 сард нь сайжирдаг ажээ. Тийм ч учраас байгалийн гамшиг хохирол учруулдаг, хохирлыг нөхөх эдийн засгийн өсөлт маш урт хугацаа туулдаг гэсэн Goldman банкны дүгнэлтийг ухаалаг гэхээр.
‘Харви’ Техас мужийн нефть боловсруулалтыг мэдэгдэхүйцээр өөрчилсөн. Тэнд АНУ-ын нийт үйлдвэрлэлийн 16,5 хувьтай тэнцэх хэмжээний үйлдвэрлэл тасалдлаа. Мужид нефтийн ба хийн олборлолт багасаад байна. Хэдийгээр энэ тасалдал нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ байсан боловч есдүгээр сард үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Ингэхлээр эрчим хүчний үйлдвэрлэлийн тасалдал нь ДНБ-ний өсөлтөд 0,2 хувийн бууралтыг III улиралд үзүүлэх магадлалтай юм. Гэлээ ч Goldman дараагийн улиралд нь “шархаа нөхсөн” өсөлт гарна гэсэн таамаглалтай байна.
JPM яаж дүгнэв?
Ер нь бол JPM банкны ерөнхий эдийн засагч Майкл Фероли “уналт” гэсэн үгийг хэрэглэхгүйгээр шийдээд “шарх нөхсөн өсөлтийг” барин авсан байна. Шуурга эдийн засгийн идэвхийг буулгах нь, мэдээж тэр нь ДНБ-нээр тооцогдоно. Гэхдээ сэргээн босгох сангаас мөнгө орж ирэн ДНБ-ний урсгалыг дэмжинэ гэлээ.
Шуурганы улмаас үйлдвэрлэл ба хэрэглээний салбарт багагүй хохирол учирсныг JPM онцоллоо. Жижиглэнгийн худалдааны хохирол нь хожим нөхөгдөнө боловч үйлчилгээний салбарын зогсолт нь хожим нөхөгдөх нь хүндрэлтэй гэж тэд үзжээ. Нефть хийн салбарын доголдол нь бензин шатахуун болоод хийн үнэд онцын нөлөө үзүүлэхгүй гэж таамаглажээ.
Даатгалын салбарын мэргэжилтнүүд нь шуурганы шууд хохирол 10-20 тэрбум долларт хүрч болохыг сануулж байгаа. “10-20 тэрбум гэсэн дундаж үзүүлэлт нь ДНБ-ний нэг хувьтай тэнцэх юм. Ерөнхий хохирол бол мэдээж өндөр. Даатгагдаагүй хохирол бий. Иймэрхүү бүх хохирлыг аваад үзсэн ч III ба IV улиралд сэргээн босголтын улмаас ДНБ-ний өсөлтөд нааштай дүн гарна” гэжээ.
Жилдээ 500 тэрбум долларын үйлдвэрлэлтэй Хьюстонд материал, техникийн хохирол учирсан гэх үнэлгээ гарч байгаа ч JPM өөдрөг дүгнэлт хийсэн нь сонирхолтой. Хьюстоны үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2015 онд 500 тэрбум доллар гэж байсан юм. Том л тоо. Харин энэ жил АНУ-ын ДНБ-ний хэмжээ 18 их наяд доллар хүрэх бөгөөд түүний хувиас багагүй нь Хьюстоны нутаг дэвсгэрт ноогдоно гэж JPM тооцоолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР